Сүрьеэгээр бага насны хүүхэд өвдөх нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Сүрьеэгээр бага насны хүүхэд өвдөх нь ихэсчээ

Сүүлийн үед агаарын бохирдлоос үүсэх өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд үүний дотор бага насны хүүхдүүд сүрьеэгээр өвчлөх нь их байна. Энэ талаар  ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалд судалгааны албаны дарга О.Батбаяртай ярилцлаа.  

-Сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Сүрьеэ нь янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушгинд гол төлөв нэг ба түүнээс дээш олон тооны үрэвслийн голомт үүсгэдэг халдварт өвчин юм. Кохын савханцар нь газарт, цасанд, спиртэнд, хүчил, шүлтэнд тэсвэртэйгээрээ бусад нян, бактериудаас ялгаатай. Зөвхөн өндөр температур, нарны шууд туяа ба хлор агуулсан бодист үхдэг юм. Дэлхий дээр халдварт сүрьеэ өвчтэй 30 гаруй сая хүн байна. Үүний нэг хүн нь жилд 100 хүнийг халдварлуулдаг бөгөөд тэдгээрээс 10 нь өвчилдөг гэсэн статистик мэдээ бий. Нийслэлийн хувьд агаарын бохирдол ихтэй учраас амьсгалын замаар халдах энэ өвчин өргөн тархаж байна. тэр дундаа бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүдийн өвчлөл их байгаа нь санаа зовних зүйл болоод байна.

-Тэгвэл халдварт сүрьеэгийн тархалт манай улсад ямар байна вэ?

-Ер нь сүрьеэг дэлхий нийтээрээ залуу эмэгтэйчүүдийн номер нэг “алуурчин” гэж нэрлэдэг. Учир нь нөхөн үржихүйн насны нийт эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь сүрьеэгийн халдварт өртдөг бөгөөд хурдан хугацаанд амь насаа алддаг. Манай улсын хувьд ч  ялгаагүй сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдийн ихэнх нь  сүрьеэгийн халдвараар өвчилж байгаа. Ер нь манай улсад халдварт сүрьеэгийн тархалт эрс нэмэгдэж байна. Энэ өвчнөөр аль ч насны хүмүүс өвчилж болох бөгөөд манай улсын хувьд 20-45 насныхан ихэвчлэн өвчилдөг. Ер нь дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудад ахмадын өвчин гэж нэрлэгддэг боловч монголчуудын дундаж наслалт бага, бусад өвчний тархалт өндөр байгаа учраас бусад шалтгаанаар ахмадууд нас барж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр 0-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, тэр нь халдварт менингит болон хүндэрч амь насанд нь аюул учруулж байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна. Учир нь хүүхдийн сүрьеэг эмчилж байсан эмчилгээний туршлага манай улсад байхгүй. Бид энэ талаар одоо л судалж, суралцаж байна.
 
Хүүхдийн биеийн эсэргүүцэл томчуудыг бодвол маш сул байдаг бөгөөд хэрэв халдвар авбал уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрээр өвчлөх нь элбэг. Бага насны хүүхдүүд өвөл халдвар авчихаад мэдэхгүй явсаар хавар болж дархлаа сулрах үеэр өвчин нь илэрч эмнэлэгт ханддаг. Харамсалтай нь маш их хугацаа алдсан байдаг учраас эмчлэхэд нэлээд хүндрэлтэй.

-Бид сүрьегийн нянг зөвхөн уушгийг өвчлүүл­дэг гэж боддог. Бусад эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Сүрьеэгийн нянгаар гэмтдэггүй эрхтэн гэж байхгүй ч өвчлөгсдийн дийлэнх нь уушгины сүрьеэгээр өвчилдөг. Учир нь сүрьеэ голдуу амьсгалын замаар халдварладаг.  Бидний амьсгалж байгаа агаарын бохирдол. Түүний дээр хүмүүс өвчнөө мэдэхгүй хүндрүүлж, бусад эрхтэнийг өвчлүүлэх гол үүсвэр болж байгаа юм.

-Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ямар арга замууд байдаг вэ?

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хэд, хэдэн арга замууд бий. Тодруулбал, БЦЖ вакин, дархлаагаа сайжруулах, халдварт сүрьеэтэй хүмүүсийг эрт илрүүлж, төгс эмчлэх нь урьдчилан сэргийлэх найдвартай арга замууд юм. Түүнчлэн сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий. Үүнд, тэжээл багатай чанаргүй хооллолт, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх, чихрийн шижин, шимэгч хорхойн халдвар, архаг хууч өвчнүүд, амьдралын ядуу нөхцөл, ажлын орон байрны хангалтгүй байдал зэрэг нь шууд нөлөөлдөг.

Сүрьеэтэй иргэдийн гэрбүл, найз нөхөд, хамт олон нь түүнийг нийгмээс ялгаварлан гадуурхалгүй, тогтмол эмээ уухад нь тусалж, хайрлан халамжлах нь тэднийг эдгэрэхэд нь асар их ач холбогдолтой юм шүү. Түүнчлэн өвчтэй иргэд хоолондоо нэмэлт хүнсний ногоо, жимс, жимсгэнийг тогтмол хэрэглэж, өдөрт 2-3 литр шингэн зүйл ээж байх нь тустай.  Иргэд өвчнөө төгс эмчлүүлэхгүй эмчилгээний дундаас шууд “оргодог”. Тэд эмээ ууж, эмчлүүлж байгаад халдваргүй болмогцоо бөө боллоо, ажил амьдрал хэцүүдлээ гээд яваад өгдөг. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад л өвчин нь хүндрээд хүрээд ирдэг.

-Бага насны хүүхдүүд болон эмэгтэйчүүд өртөх нь их байна гэлээ. Нийт өвчлөгсдийн хэдэн хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж хэлж болох вэ?

-Хүмүүсийн хэдэн хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж хэлж болохгүй ээ. Хүмүүсийн дунд өвчлөл нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь агаарын бохирдол. Хүн нэг бүр дээр судалгаа хийх боломжгүй. Харин нийт өвчлөлийнхөө дундаж аваад үзэхэд агаарын бохирдол нөлөөлж байгаа нь харагдаж байна. Бид өдөр бүр ямар агаараар амьсгалж байгаа хэлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Нэгэнт бий болсон агаарын бохирдлыг бууруулахад цаг хугацаа орох ч хүн амынхаа эрүүл мэндэд анхаарах цаг болсон байна.

Б.Билэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж