Ч.Хүрэлбаатар: Цалин нэмэх асуудал хүлээгдэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Цалин нэмэх асуудал хүлээгдэж байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын ээлжит хуралдаан болох байсан. Яагаад хуралдсангүй вэ. Засгийн газар хуралдах эрх зүйн чадамжтай эсэх талаар тайлбар өгнө үү?

-Өнөөдөр /өчигдөр/ Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх товтой байсан.  Үүсээд байгаа  улс төрийн нөхцөл байдлаас улмаас Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдах боломжгүй болоод байна. Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр  нь хуралдаанд  оролцож байж тухайн  Засгийн газрын шийдвэр хүчинтэй байна гэсэн хуулийн заалттай. 15 сайдаас АН-ын зургаан сайд нь улс төрийн шийдвэрээр  хамтарсан Засгийн газраас гаргах өргөдлөө өгснөөр ийнхүү Засгийн газар хуралдах боломжгүй болоод байгаа юм.  АН хамтарсан Засгийн газраас гарахдаа энэ Засгийн газрыг  хурдан байгуулах, шинээр томилогдох сайд нарыг дэмжинэ гэдгээ хэлсэн ч өнөөдөр АН хэлсэн ярьснаасаа буцаж,  завсарлага авахаа мэдэгдээд байгаа нь харамсалтай. Засгийн газар шинээр бүрэлдмэгц яаралтай хэлэлцэн шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал гурван талт хэлэлцээрээр  ирэх хоёрдугаар болон тавдугаар  сарын нэгнээс цалин тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэж заасан. Тухайн үеийн Сангийн сайдад энэ асуудлыг боловсруулж Засгийн газрын 2011 оны 12-р сарын 21-ны  хуралдаанаар танилцуулах үүрэг өгсөн байсан ч хийгдээгүй байсан. Үүнийг цэгцэллээ.   Ирэх хоёрдугаар  сарын 15- нд УИХ-ын чуулган завсарлана. Үлдэж байгаа богинохон хугацаанд Засгийн газрыг яаралтай хуралдуулах, шийдвэр нь чадамжтай байх нөхцөлийг хангах шаардлагатай байгаа юм.  Ялангуяа үнийн өсөлттэй холбоотой асуудлыг Засгийн газар хэлэлцэж хамтын шийдвэр гаргах хэрэгтэй байна. АН энэ Засгийн газраас гарахдаа шинэ Засгийн газрыг хурдан байгуулж өгнө гэсэн. Харин одоо өөр зүйл ярьж, өөр байр сууринаас хандах хэрэггүй юм.  АН-ын сайд нар бүгд УИХ-ын гишүүд байсан. Өөрсдөө байхаар болоод байдаг. Бусад нь байхаар болдоггүй гэдэг зарчмыг ярьж, ам ажил хоёр нь зөрж байгаад УИХ-ын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүний хувьд харамсч  байна. АН энэ шийдвэрээ эргэж  харах болов уу. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралд нөлөөтэй чухал чухал шийдвэрүүд ийм нөхцөл байдлаас болоод зогсоод байж болохгүй л дээ. 

-Дээрх асуудлаас гадна Засгийн газрын хуралдаанаар яаралтай шийдвэрлэх ёстой байсан ямар ямар асуудал байсан бэ?

-Саяхан Дархан-Уул аймагт хийн баллон дэлбэрч олон хүн орох оронгүй болсон.  Үүнтэй холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх гээд цаг үеийн шинжтэй олон асуудал байгаа учраас яаралтай Засгийн газрын хуралдах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Улс орныхоо амьдралыг бодож Засгийн газрын шийдвэрийг чадамжтай байх тал дээр анхаарал тавьж ажиллах болов уу гэж найдаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол, Засгийн газар хуралдахгүй удаан хугацаагаар явбал улс орны амьдралд  сөргөөр нөлөөлнө.

-АН Тэргүүн шадар сайдын орон тоог  дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Хамтарсан Засгийн газарт байсан орон тоо одоо МАН дангаараа Засгийн газар байгуулахад шаардлагагүй хэмээн мэдэгдлээ?

-Ардчилсан намын дарга Тэргүүн шадар сайд байсан. Ямар ач холбогдолтойг Н.Алтанхуяг дарга маш сайн мэдэж байгаа. Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд олон асуудал, олон ажил хамаарагддаг. Тухайлбал иргэн бүрийг цахим үнэмлэхээр хангах ажлыг Бүртгэлийн ерөнхий газар зохион байгуулж явуулах ёстой. Үүнийг яах аргагүй улстөрийн хувьд мэргэжил арга зүйн хувьд чиглүүлж байх үүрэгтэй. Энэ ажлыг  зөв шуурхай хийхгүй бол Сонгуулийн өмнө     амжихгүй. Яагаад гэвэл 6-р сарын нэгэн гэхэд Монгол Улсын бүх иргэн гар дээрээ   үнэмлэхээ авсан байх ёстой.  Үнийн өсөлтийг шударга бусаар, үгсэн хуйвалдаж байна уу үгүй юу,  ард иргэдийн амьдралд үнийн өсөлт сөргөөр нөлөөлж байна уу  гээд олон чухал асуудалд хяналт тавьж байдаг Стандартчлал хэмжилзүйн газар, Шударга  өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрууд Тэргүүн шадар сайдын харьяанд ажилладаг. Тэргүүн шадар сайдыг орон тоог хасч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт  оруулах асуудал ярьж цаг хугацаа алдахын оронд үлдэж байгаа  сард улс орны өмнө тулгамдаад байгаа ажлаа шуурхай хийе гэдэг зорилгоор МАН энэ асуудлыг тавьсан. Үүнийг улс төрийн өнцөг болгож хувиргаж яриад байгаа нь  үндсэндээ энэ Засгийн газрыг ажил хийлгэхгүй гэсэн санаа юм болов уу. Засгийн газар ажлаа  хийхгүй байна гэдэг бол улс орны өмнө тулгамдсан асуудал шийдэгдэхгүй л гэсэн үг.

Ийм маягаар улс төрд оноо авна гэж бодож байгаа бол Монголын ард түмэн зөв хариуг нь өгнө байх гэж бодож байна. Тийм учраас буруу зүйл дээр улс төр хийх хэрэггүй. Харин хууль бус асуудалд сөрөг хүчний байр сууринаас хандаад явах юм бол нийгэмд л  хэрэгтэй.  Түүнээс биш  байгаа зүйлийг нь хойш нь татах, дэгээ тавих, саад учруулах замаар улс төр хийх гэж байгаа бол Монголын ард түмэн эрүүлээр ойлгож сонголтоо хийх болов уу л гэж бодож байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж