Ангела Меркел Европт шинэчлэл хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Ангела Меркел Европт шинэчлэл хэрэгтэй гэв

Германы Канцлер Ангела Меркел өчигдөр Давос 2012 дэлхийн эдийн засгийн форумыг нээж үг хэлэхдээ евро мөнгөн тэмдэгтийг аврах төлөвлөгөөг танилцуулав. Ангела Меркел Евро бүсийг өрийн хямралаас гаргах санхүүгийн тусламжийн сан байгуулахад Герман оролцохгүй гэдэг байр суурьтай байна. Герман улс эдийн засгийн хувьд хүчирхэг хэвээр гэдгийг Канцлер онцолж, өрөнд баригдсан орнуудад санхүүгийн асар их хэмжээний зээл олгох нь зөв гарц биш гэж үзжээ. Тэрбээр хэлэхдээ “Хэрэв Герман улс Евро бүсийн орнуудын төлөвлөж буй асар их хэмжээний санхүүгийн тусламжийн сан байгуулахад хөрөнгө оруулвал хөрөнгийн зах зээл сүйрч, жинхэнэ хямрал нүүрлэнэ” гэжээ. Ангела Меркел форумын төлөөлөгчдөд хандан “Санхүүгийн тусламжийн санг хоёр дахин, гурав дахин нэмбэл өрийн хямралаас гарна гэж бодож байна. Гэвч үүнийг хүмүүс бүр хожимдсон хойно нь буруу байж гэдгийг ухаарна. Бид анхнаасаа еврогийн төлөө байсан. Гэвч бид биелүүлж чадахгүй зүйлээ амламааргүй байна” гэжээ. Евро бүсийн орнууд 2010 оны тавдугаар сард Грект эхний зээлийг олгосны дараа Европын санхүүгийн тогтвортой байдлын сан хэмээх санхүүгийн тусламж үзүүлэх түр сан байгуулсан билээ. Анх 250 тэрбум еврог зээлийн санд төвлөрүүлж, сүүлд 440 тэрбум болж өсгөсөн тус санд хөрөнгө оруулахаас зарим орнууд эхнээсээ татгалзаж эхэлсэн юм. 2013 онд Евро бүсийн орнууд Санхүүгийн тогтвортой байдлын механизм гэгч зээлийн санд 500 тэрбум еврог төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Германы Канцлер Ангела Меркел Европын өрийн хямрал нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог үгүй хийхэд ойрхон байгаа тул Европт санхүүгийн шинэчлэл явуулах зайлшгүй болсныг анхааруулсан байна.

Канцлер Давос-2012 форумын нээж үг хэлэхээс нэг өдрийн өмнө ОУВС дэлхийн эдийн засаг маш аюултай үед хэдийнэ орсныг анхааруулсан юм. ОУВС 2012 онд дэлхийн  эдийн засгийн өсөлт 3.3 хувиар өснө гэж таамаглажээ. Харин өнгөрсөн онд энэ прогноз дөрвөн хувь байна гэж гарсан юм. Гэтэл өрийн хямралд нэрвэгдсэн Евро бүсийн 17 орны эдийн засаг хямралын эхний үе рүү шилжих бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж