Багш нар дахин жагсахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Багш нар дахин жагсахаа мэдэгдлээ

Жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногт Монголын багш нарын баярын өдөр тохиодог. Харин энэ удаагийн баяраа өвөрмөцөөр тэмдэглэхээ багш “амлаад” байна.  Тэд баяраараа цалинг нэмэх хугацааг наашлуулахыг шаардан дахин ажил хаяж жагсах юм. Ингэх болсон шалтгаанаа Засгийн газраас гаргасан цалин нэмэх шийдвэрийн дагуу энэ онд хоёр үе шаттайгаар цалин нэмэх ёстой байсан ч өдийн болтол цалин нэмэх талаар тодорхой хариулт гараагүйтэй холбон тайлбарлалаа. Багш нар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж энэ шалтгаанаар ажил хаялт зарлаж байсан ч хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр хийж, Засгийн газарт энэ сарын 8-наас эхлэн төрийн албан хаагчдийн цалинг 80 мянган төгрөгөөр нэмэх санал хүргүүлсэн учраас түр хүлээх гэнэ. Энэ талаар МҮЭХ-ны Монголын багш нарын ҮЭХ-ны дарга Ж.Батзоригоос тодруулахад “Багш нар долоо хоног ажил хаясны дүнд гурван талт хэлэлцээрийг зохион байгуулж Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дүнд цалинг хоёрдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, тавдугаарс арын 1-нээс 23 хувиар нэмэхээр болсон. Гэтэл цалин нэмэх Сангийн яам ажлын хэсэг гарган ажиллаж байгаа учраас энэ сарын 8-аас өмнө судалгаагаа хийж дуусаад УИХ-ын чуулганд өргөн барина гэсэн. Шатахууны үнийн өсөлтөөс болж үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж бид нааштай хариу гарах байх гэж хүлээж байна. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр шийдвэрт хүрсэн учраас бид ч гэсэн цалинг хэлсэн хугацаандаа нэмнэ гэдэгт итгэж л сууна. Хэрэв хэлсэн ярьсандаа хүрэхгүй бол бид багш  дахин ажил хаяж, жагсах болно. Цалин нэмтэл нийт багш, ажилчид багш нарын баярт зориулсан арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа” гэлээ.

УИХ-ын чуулган хоёр сарын 10-нд завсарлана. Тэрнээс өмнө гурван талт хэлэлцээрийн дүнд нэмэлт өөрчлөлт оруулсан учраас эндээс гарсан шийдвэрийг биелүүлэхгүй бол багш нар дахин жагсч, ажил хаяна.  Шатахууны үнийн өсөлт, цалин тэтгэвэр нэмэх гээд багагүй асуудлыг шийдэх болсон чуулган завсарлахаас өмнө эдгээр асуудлыг шийднэ гэдгээ мэдэгдсэн байгаа.  Дахин багш нар ажил хаяад эхэлбэл багш нарын ажил хаялтад хэн хохирч үлдэх вэ. Мэдээж хүүхдүүд бас эцэг эх. Багш нарын хэлж буйгаар бол “Төр засгийн эрх мэдэлтнүүд өөрсдийн амлалтаа биелүүлэхгүй байгаа бөгөөд багш нарын цалинг нэмэгдүүлэх хугацаандаа  тавихгүй бол ажил хаялт, жагсаал, хүүхдүүдийн хичээл завсардалтын хариуцлагыг төсөв баталсан хүмүүс нь хариуцна” гэлээ. Цалин нэмэхгүй байлаа гээд жагсч, ажил хаяад байхын оронд арай өөр аргаар тэмцвэл яасан юм бэ гэх хүн ч олон байгаа  ч Багш нарын ҮЭ-ийн дарга хэлэхдээ “Хэлэлцээрийн ширээнд суугаад үр дүн гарахгүй учраас л бид жагсч үзсэн. Бас л үр дүнд хүрээгүй. Бидэнд үлдэж байгаа ганц арга нь ажил хаялт. Үнэхээр ард түмнийхээ төлөө ажилладаг л бол ажил хаяуулахгүй байх арга хэмжээг төр засгийн удирдлагууд авах хэрэгтэй.” гэсэн хариултыг өгсөн. Өмнө нь ажил хаялтад  87 ерөнхий боловсролын сургууль, 61 цэцэрлэг хамрагдаж байсан бол энэ удаад үүнээс ч олон багш нар ажил хаялтад нэгдэхээ мэдэгдээд байгаа гэлээ.  Ямартай ч хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээс гарсан шийдвэр хэрэгжихгүй бол багш нар жагсч, ажил хаяна. Харин багш нар жагсах эсэхийг УИХ-ын чуулган завсарлахаас өмнө шийдэх юм. Эс тэгэвээс багш нар дахиад л жагсана.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж