Автобусны осол 15,8 сая төгрөгийн хохирол дагуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Автобусны осол 15,8 сая төгрөгийн хохирол дагуулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансрын нүхэн гарцаас доош  МУИС руу уруудах замд өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нд “Сансар-III, IV хороолол” чиглэлийн  УНА 45-07 улсын дугаартай том оврын автобус нийт есөн машиныг мөргөсөн осол гарсан билээ. Тус автобус нь “Тэнүүн-Огоо” хувьцаат компанийн шугамын автобус байсан бөгөөд ослын шалтгааныг одоогоор бүрэн тодорхойлоогүй байна. Осол гаргасан автобус Сансрын нүхэн гарцын зогсоол дээр байхад нь өмнөө явах хуваарьтай автобусыг гүйцэж түрүүлсэн учир хурд хэтрүүлсэн байх магадлалтай гэнэ. Ослын улмаас УБГ 5659 дугаартай цагаан өнгийн Hyundai Accent аксент, УНС 4883 дугаартай Hyundai Starex, УБЦ 2567 дугаартай Nissan Bluebird зэрэг автомашин дахин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болтлоо мөргүүлсэн байна. “Тэнүүн-Огоо” компанийн удирдлагын зүгээс “Тухайн өдрийн өглөө автобус техникийн үзлэгт орсон байсан. Ямар нэг эвдрэл, гэмтэл байгаагүй. Манай компанийн бүх жолооч нар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан” хэмээн мэдэгдээд байгаа юм. Жолооч дээрх даатгалд хамрагдсанаар жилд 10 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой аж. Харин ослын хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагууд нийт 15 сая 821 мянган төгрөг хэмээн тогтоосон байна. Одоогийн байдлаар нийт найман машинаас УБН 3344 дугаартай Hyundai Accent, УБН 4904 дугаартай Toyota Vitz маркийн автомашины хохирлыг барагдуулжээ. Үлдсэн хохирлыг төлж барагдуулах асуудлаар “Тэнүүн-Огоо” компанийн жолооч Д.Бэлгэдэмбэрэл даатгалын компанид хандаад байгаа гэнэ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж