“Спартак” балетыг энэ сард тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

“Спартак” балетыг энэ сард тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 18, 19-нд Арам Ильич Хачатуряны “Спартак” балетыг сэргээн тоглох гэж байна. Уг балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.И.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх дэглэн найруулан тавж байжээ. А.И.Хачатурян уг “Спартак” балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд “Төрийн соёрхол” хүртэж байсан юм. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтад “Спартак” балетыг оруулж чадсан юм.

Харин Монгол Улсын , бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар “Спартак” балетыг бүтээж, О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрүүдийг бүтээж байв.

 “Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг балет юм. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг. Энэхүү гайхалтай балетыг соёл урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр УДБЭТеатрын хамт олон сэргээн тавьж байгаа юм. “Спартак” балетыг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг сэргээн тавьж, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаачаар, Ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар, Соёлын тэргүүний ажилтан Г.Оюун хувцасны зураачаар, дасгалжуулагч багшаар Ардын жүжигчин О.Ганбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, Л.Баттөр, балетын гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Б.Саруул, Ч.Ганчимэг, Т.Батчимэг, О.Ганцоож, гоцлол бүжигчин М.Од нар ажиллаж байна.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж