Ангела Меркел Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Ангела Меркел Хятадад айлчилж байна

Германы Канцлер Ангела Меркел Бээжинд хоёр өдрийн айлчлалаа эхэллээ. Түүний айлчлалын зорилго нь Иран, Сирийн асуудлаар Хятадаас дэмжлэг хүсэх гэнэ. Хятадын дарга Ху Жинтао, Ерөнхий сайд Вэн Жябао нартай уулзахаар айлчлалын хөтөлбөртөө тусгасан Канцлертай хамт Германы худалдаа, бизнесийн 20 гаруй төлөөлөгч хамт яваа ажээ. Маргааш буюу баасан гаригт Канцлер Ангела Меркел Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао болон үйлдвэрлэлийн олон салбарын төлөөлөгчидтэй уулзахаар Гуандон муж руу явах гэнэ. Германы Канцлер Ангела Меркел стратегийн болон худалдааны гол түнш Хятадад тав дахь удаагаа айлчилж байгаа юм байна. Хятадын зах зээл дэх Германы бүтээгдэхүүний худалдаа тус улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Европын бусад орнуудаас цойлж гарахад багагүй үүрэг гүйцэтгэсэн бол Герман технологи Хятадын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хурдасгасан гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Канцлер Ангела Меркел өнөөдөр Хятадын шинжлэх ухааны академийн хүрээлэнд Европын холбооны эдийн засгийн хямралын талаар илтгэл тавих юм байна. Канцлерын айлчлалын хамгийн гол зорилго нь Сирид болж буй хүчирхийллийг зогсоох Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлж, Иранаас импортолдог газрын тосны хэмжээг багасгаж, тус улсын эсрэг явуулж буй Европын холбооны эдийн засгийн хоригт нэгдэхийг ятгах юм. Түүнчлэн газрын ховор металлын экспортод квот тогтоож, Дэлхийн худалдааны байгууллагаас хатуу сануулга авсан Хятадтай энэ асуудлаар хэлэлцэж тохиролцох зүйл Канцлерт байгаа гэнэ. Дэлхийн ховор металлын нийлүүлэлтийн 97 хувийг дангаараа хариуцдаг Хятад экспортын квот тогтоосон нь ховор металлын түүхий эдэд суурилсан үйлдвэрүүдийн өртгийг нэмэгдүүлсэн юм.
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж