Монголын циркчид “Хүрэл алиалагч” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Монголын циркчид “Хүрэл алиалагч” хүртлээ

Монакогийн Вант Улсад болдог Циркийн наадам бол дэлхийн циркчдийн хувьд спортоор харьцуулбал “олимп” нь юм. Энэ жил өнгөрсөн энгдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд уламжлалт 36 дахь удаагийн наадам болж өнгөрлөө.

36 жилийн энэхүү их тэмцээний түүхэнд манайх хоёр удаагаа төрийнхөө далбааг Монакогийн тэнгэрт мандуулсан амжилттай. Анх 1985 онд эгч дүү Эрдэнэтуяа, Оюунчимэг нар уран нугаралтаар “мөнгөн алиалагч”, үүний дараа “Blue Sky Girls” хамтлаг мөн уран нугаралтаар “хүрэл алиалагч” цом хүртэж байсан юм. Угаасаа дэлхийн циркт Монголын уран нугаралт бренд нэр болсон төрөл.

Тэгвэл энэ удаад Монголын циркчид анх удаа акробатын төрлөөр дэлхийд нэрээ тамгалж, түүхэндээ шинэ хуудас нээлээ. Монте-Карлогийн 36 дахь наадмаас “Circus Khadgaa Mongolia” буюу Хадгаа Циркийн акробатчид “хүрэл алиалагч” цом хүртээд байна.

“Алтан алиалагч” цом буюу нэгдүгээр байрыг Шанхайн 22 жүжигчинтэй шидэх банзтай акробатчид, мөн Францын сургуультай зааны тоглолт хүртсэн бол “Мөнгөн алиалагч” цом буюу хоёрдугаар байрыг Оросын акробатчид болон Украины сургуультай арслангийн тоглолт, харин “Хүрэл алиалагч”-ийг манай Хадгаа циркийнхэнтэй хамт Бразилийн агаарын нисэгчид хүртсэн байна.

Тэд эх орондоо ирсэн даруйдаа хэвлэлийнхнийг хүлээн авч уулзсан юм. “Хүрэл алиалагч” цом хүртсэн “Strong Acrobat” хэмээх үзүүлбэрийг тус циркийг үндэслэгч, жүжигчин, найруулагч Чулуунцэндийн Хатанбаатар хагас жилийн хугацаанд найруулсан аж. Тус циркийнхэн энэхүү наадамд оролцохоор сүүлийн гурван жил өөрсдийн материалыг илгээн үзүүлбэрүүдээ чансаажуулсаар өнгөрсөн долдугаар сард эл наадамд оролцох хариуг хүлээн авчээ. “Хадгаа” циркийнхэн энэхүү наадамд оролцохоор зургаан сарын турш Ерөнхий боловсролын сургуулийн заал түрээслэн бэлтгэл сургуулалтаа базаажээ. Хэдийгээр өөрсдийн гэсэн сургуулалтын байр, танхимгүй ч тэд циркчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл болсон Монакогын тэнгэрт монголынхоо тугийг намируулахаар өөрсдийн бололцоогоо дайчлан ажилласан байна. “Хадгаа” циркийнхэн өнгөрсөн нэгдүгээр асрын 14-нд Монако вант улсыг зорин шалгаруулалт болдог нүүдлийн майхан циркт ердөө гуравхан удаа л бэлтгэл хийжээ. Тэд Монгол үндэсний нэрийн хуудас болсон уртын дуу, хөөмий, хархираа, морин хуураа хүч тамир, шидэх банз, уран нугаралтын үзүүлбэртэй хослуулан хүргэсэн нь ийнхүү амжилт авчирсан хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Дэлхийн шилдгүүдтэй нэгэн дээвэр дор өрсөлдөн “хүрэл алиалагч” хүртсэн тэд гадаад дотоодын тэмцээн уралдаанд оролцон эр орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуулгахын сацуу хүмүүнлэгийн ажилд ч гар сунган оролцдог билээ. Тиймдээ ч тэд эх орныхоо нэрийг Монакогийн циркт дуурсгаж ирсэн даруйдаа буюу өнгөрсөн лхагва гаригт ЭНЭШТ-ийн эмч нарын хүсэлтийн хүлээн авч өчигдөр тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа тархины хавдартай бяцхан хүүхдүүд дээр зочилжээ. хөгжилтэй алиалагч, адтай жонглёрын үзүүлбэрийг үзсэн бяцхан үрс, эмч, сувилагчид бэлэг барьсан тэд тун удахгүй энэхүү баяраа хуваалцахаар хөдөө орон нутгийг зорих гэж буйгаа дууулгасан юм. “Circus Khadgaa Mongolia” буюу Хадгаа Циркийн хамт олондоо баяр хүргэн, амжилт хүсье.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж