Үлэг гүрвэлийн өлгий нутаг Говь гурван сайхан

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн өлгий нутаг Говь гурван сайхан

Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун тийш, Говь-Алтай нурууны шувтаргын уулс болох Гурван сайхан, Зөөлөн, Сэврэй, Гилбэнт, Нэмэгт уул болон тэдгээрийн хоорондох өргөн уудам хөндий, хоолой, элсэн манханууд байгалийн цогцолбор газарт багтдаг.

Говь гурван сайхан нь нэн ховордсон олон зүйлийн ургамал, ан амьтнаар баялаг, чулуулгийн өвөрмөц тогтоц бүхий газар тул 1993, 2000 онуудад УИХ-ын 83, 29 дүгээр тогтоолоор хамгаалалтад авч байжээ. 2697170.85 га газар нутгийг хамарсан Говь гурван сайхан нь жуулчид, эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байсаар ирсэн.

Уулсын дундаж өндөр 2200-2600 м. Тэдгээр нь цэрдийн галавын хурдацнаас тогтсон, эвдрэл, элэгдлийн хэвгий гадарга бүхий өргөн бэлээр хүрээлэгдсэн байдаг. Энд эх газрын хуурай, ширүүн, эрс тэс уур амьсгал зонхилно. Зундаа дунджаар 39 хэмийн дулаан, өвөлдөө 25-35 хэмийн хүйтэн, жилд унах хур тунадасны хэмжээ зарим газартаа 50 мм-ээс бага байдаг нь Төв Азийн хамгийн хуурай уур амьсгалтай газрын нэгэнд зүй ёсоор ордог.

Харин уулсаар унах хур тунадасны хэмжээ жилд 200 мм хүрдэг боловч энэ нь ихэвчлэн зуны улиралд хүчтэй аадар борооны хэлбэрээр буудаг. Баруунаас зүүн тийш 380 гаруй километр үргэлжилсэн байгалийн цогцолборт газар нь цөлөрхөг хээр, цөлийн бүсийн янз бүрийн экосистемийг өөртөө агуулдаг. Энд чулуут, элсэн цөл, хадан хясаа, хуурай хөндий, гуу жалга, хужир мараа, булаг, шанд, баян бүрд зэрэг говийн бүх л экосистем тааралдана.   

Өдлөг хялгана, таанат цөлжүү хээр, дэгнүүлт жижиг үетэнт цөл зонхилдог. Ургамлын аймгийн хувьд ихэвчлэн Төв Азийн цөлийн төлөөлөгчид голлосон 620 гаруй дээд ургамал, тэдгээрийн дотор 38 зүйлийн Говь-Алтайн унаган, хагас унаган ургамал тааралдана. Байгалийн цогцолборт газар нь зарим туурайтан амьтдын амьдрах тааламжтай орчныг бүрдүүлдэг.

ДЭЛХИЙД ГАНЦ ОЛДВОР ОЛДОЖ БАЙЖЭЭ

Эртний үлэг гүрвэлийн дэлхийн хамгийн баялаг олдворууд Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, түүний орчмын нутаг Баянзаг, Төгрөгийн ширээ, Ханын хонд, Үдэн сайр, Ухаа толгод, Нэмэгт, Алтан уул, Бүгийн цав, Гурилын хоолой зэрэг газар нутагт элбэг тохиолдоно. Энэ газраас шинэ чулуун зэвсгийн үеийн багаж зэвсэг, хүрлийн үе, Түрэгийн булш хэрэгслүүр ч олноор олдож байсан. Говь гурван сайханд орчин үеийн судалгааны анхны баг АНУ-ын Түүхийн музейгээс 1920 онд ирж байсан түүхтэй.

Төв Азийн судалгааны баг тухайн үед багахан хэмжээний олдвор олж байсан гэдэг. Ингээд судалгааны төгсгөлийн улиралд төөрч яваад хамгийн том олдвор бүхий газраа 1922 онд нээж байжээ. Судалгааны багийн шилдэг судлаач Чапен Эндрюс "Бид буцахдаа төөрсөн, замаа олохоор зурагчин Вильяам Шөкилфорд, хайгуулч Волтео Гранжер нараас бүрдсэн бяцхан хайгуулын баг гаргаж жижиг улаан толгодыг чиглэн явсан. Тэр толгодод хүрч очиход гал улаан хадан цохио өмнөөс гарч ирсэн бөгөөд энд тэндгүй чулуужсан олдворууд байгааг харсан" хэмээн тэмдэглэлдээ бичсэн байжээ.

Өмнийн говь нутаг үлэг гүрвэлийн олдоцоороо дэлхийд хоёрт ордог. Энэ сайхан газраас үлэг гүрвэлийн яс, өндөг гэх зэрэг үнэт олдвор олон олдож байсан. 80 сая жилийн тэртээх махан идэшт вилоцераптор, өвсөн тэжээлт протоцератопсын ноцолдож байгаад орооцолдсон яс олдсон нь дэлхийд байхгүй үнэт олдвор болжээ. Судлаачдын үзэж байгаагаар вилоцераптор, протоцератопс гэнэт тулж ноцолдож байхад нь дээрээс нь элс нурж дарсанаар яс нь тэр хэвээрээ олон жилийн турш хадгалагдан үлдсэн байна.

Мөн үлэг гүрвэлийн дотор хамгийн томд тооцогдох махан идэшт Тарбозаварын дунд чөмгийн яс, энэхүү төрлийн арай жижиг гүрвэлийн бүтэн яс олдсон нь манай Үндэсний Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байдаг.

Үнэт олдвороороо дэлхийд гайхагдах байгаль нутгаа балчир хүүхдээс эхлээд өтөл буурлууд хайрлан хамгаална. Тэд хаана ямар хэрэгслүүр, булш, гүрвэлийн яс байгааг андахгүй мэднэ. Тэр ч бүү хэл сонин хачин түүх, домог ам дамжуулан ярьдаг. Гэсэн ч гадаад, дотоодын хүмүүст тэр бүр зааж өгөөд байдаггүй. Эх болсон байгалиа энэ л чигээр нь үлдээхээр нутгийн иргэд өдий хүртэл зүтгэж яваа.

ХОВOРДСОН АН АМЬТАД ХАМГИЙН ЭЛБЭГ

Говь гурван сайханд Улаан номд бүртгэгдсэн ховор амьтад бий. Багахан хэмжээний цагаан зээр, хар сүүлт, хулангийн сүрэг уулсын хоорондох уудам хөндий, цөлөрхөг хээрт ихэнхдээ тааралддаг. Мөн асга хад, бартаа ихтэй говийн уулс нь ирвэс, аргал, янгирт хамгийн тааламжтай амьдрах нөхцлийг бий болгож өгдөг. Элсэн манхан бүхий газраар дэлдэн зараа, элсний зурам амьдардаг.

Энэ нутагг 52 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс найман зүйл нь Монголын Улаан номонд оржээ. Монголын Улаан номд бүртгэгдсэн ирвэсийг хамгийн сүүлд 2000 онд тоолсон бөгөөд нэг мянга орчим байна гэсэн тоо гарчээ. Устаж үгүй болоход ойрхон байгаа ирвэсийн тоо толгойг олшруулахад манай эрдэмтэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Энэ ажилд нутгийн иргэд оролцдог бөгөөд нэрийг нь хүртэл хэлэлгүй "цоохор ах" гэж ярих нь бий.

Гэтэл Засгийн газраас судалгааны зориулалтаар агнахыг зөвшөөрсөн байдаг. Техник технологи өндөр хөгжиж байгаа өнөө үед цоохор ирвэс гэлтгүй нэн ховордсон ан амьтдыг судалгааны зориулалтаар агнах ямар ч шаардлага байхгүй талаар эрдэмтэд ярьж байна. Харин аргаль, янгирын тоо толгой сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар өссөн гэсэн дүн гарчээ. Эрдэмтэд нэн ховордож байгаа эдгээр амьтдын тоо толгойг улам өсгөх зорилгоор ажиллаж байна.

АЛТНЫ УУРХАЙГААС БОЛЖ АМЬТАД ДҮРВЭЖ БАЙГАА

Байгаль, ан амьтан, ургамал, үнэт олдвороо сэтгэл зүрхнээсээ хайрлан  хамгаалдаг нэг хэсэг байхад устган сүйтгэдэг нөгөө хэсэг бас бий. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт "Алтны нинжа" гэх гар аргаар алт олборлогчид олноор очиж ажиллаж байгаагаас ургамал устаж, амьтад нутгаасаа дайжиж байна. Сэврэй, Гурвантэс, Баянхонгорын нутагт "нинжа" нар цөөнгүй.

Тэд тусгай хамгаалалтын бүсэд нэвтрэн орж тухайн газрын байгаль, ургамлыг сүйтгэж байгаа нь харамсалтай. Нутгийн удирдлагуудын хийсэн судалгаагаар 200-300 орчим "нинжа" байгаа гэсэн. Тэд дуртай газраа ухаж сэндийлдэг болохоор цөлжилт ч бас хурдацтай явагдаж байгаа. Урьд нь аргаль, янгир олноор бэлчдэг байсан энэ газарт одоо амьд амьтан байхаа больсон ажээ.

Э.Майцэцэг

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж