Дэлхийн дулаарал өвөлдөө хүйтрэл болж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн дулаарал өвөлдөө хүйтрэл болж байна

Европт хүмүүс хөлдөж үхсэн гэх мэдээлэл сүүлийн үед дэлхий ний­тийн анхаарлын төвд байна. Ром хот төдийгүй Лондоны Хитроу олон улсын нисэх буудлууд битүү цасанд хучигдаж нислэг үйлдэх боломжгүй болоод байгаа аж. Мөн зүүн Европын Украйн, Польш, Румын, Серб улсад сүүлийн хэдэн жилд болоогүй огцом хүйтрэлээс болж хүмүүс хөлдөж, амь насаа алдсаар байна. Зүүн Европ, Германд хүйтний улмаас амиа алдсан хү­мүүсийн тоо өнгөрсөн долоо хо­ногийн эхээр 150-иас давсан байна. “Reuters” агентлагийн сүүлчийн мэ­дээгээр, нийтдээ 164 хүн нас баржээ. Гэнэтийн цочир хүйтрэл болсны улмаас Украйнд 18 хүн, Польш улсад 10 хүн амь насаа алдсан байна. Түүнчлэн Сербид гурав, Болгарт нэг хүн нас барсан байна. Украйны албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар гуравхан өдрийн дотор хөлдсөн болон биеийн дулаанаа алдсан гэх шалтгаанаар 500 гаруй хүн эмнэлэгт хандсан ажээ. Мөн тус улсын хэвлэл мэдээллүүдийн улам­жилснаар, асрах газарт 17 мянга га­руй хүн хоргодож байгаа юм байна. Ассошейтэд агентлагийн мэдээлс­нээр, тус бүс нутагт дулааны хэм өдөртөө -16 хэм, шөнөдөө -23 хэмээс буухгүй байгаа гэнэ. Амиа алдагсдын 12 нь орон гэргүй хүмүүс байсан хэмээн Украйны Онцгой байдлын яам мэдэгджээ. Азийн орнуудад ч хүйтний эрч чангарсан байна. Өмнөд Солонгосын Сөүл хотын нэгэн нам дор орших бага сургуулийн орчим -17 хэм хүрсний улмаас тус бага сур­гуулийг хүйтний эрч сулартал хи­чээллэхгүй байхаар хүсэлт гар­гасан байна. Энэхүү огцом хүйтрэл их хэмжээний цас орох үзэгдлээс улбаалж зарим гэр бүл шинэ төрсөн хүүхдээ “Цасан цагаан” гэж нэрлэх тохиолдол ч гарсан байна.

Хүйтрэл Европт төдийгүй Хойд Африкт бас нөлөөлж эхэлжээ. Алжирт цаг уурын таагүй байдлын улмаас 16 хүн амиа алдсан байна. Европын хэвлэлүүдийн мэдээлэлснээр бүс нутагт болж буй цаг уурын таагүй байдал сарын дундуур гэхэд дулаарна гэж суд­лаачид мэдэгджээ. “Global Warming”, буюу дэлхийн цаг агаарын өөрчлөлт нь дэлхийн бүх л улс орнуудын эрдэмтэд, шинжээчдийн анхаарлыг татаж яриа хэлцүүлгийнх нь гол сэдэв дулаарал ба огцом хүйтрэл болсоор байна. Эрдэмтдийн үзэж буйгаар дэлхийн дулаарал нь өвөлдөө цочир хүйтрэлийг авчирч байна хэмээн үзэж байгаа аж. Энэхүү огцом хүйтрэл нь 50-100 жилийн мөч­лөгтэйгөөр явагддаг аж. Харин энэ удаагийн дэлхийн хүйтрэл нь бай­галийн явцын нөлөөгөөр бус харин хүний үйл ажиллагааны улмаас болж буй мэт хүйтрэл тул муу нөлөө ихтэй байж болзошгүй байна. Саяхан Хята­дын хэвлэлүүдээр дэлхийн дулаарал нь Хятадын нийгмийн түүхэнд то­моохон үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Мөн өнөөдөр болж буй дулаарал, хүйтний эрч чангарах үзэгдлийг суд­лан бичиж бусад оронд дамжуулан хэвлэсэн байна. Анхаарал татсан нэгэн зүйл бол Хятадын хойд нутгаар орших нүүдэлчдийн үе үеийн довтолгоотой холбоотой ажээ. Монголчууд XIII зуунд Хятадын нутаг болон Зүүн Европийг довтлон эзэл­сэн нь дэлхийн цаг агаарын хүйт­рэл дулааралтай холбоотой гэж үзэж буй аж. Тухайн үед Монголд цаг агаарын хэт хүйтрэл болж мал сүргээ ха­риулахад бэрх болж, улмаар газар нутаг нь цөлжсөн учраас дулаан цаг агаартай өмнө зүг явж малын бэлчээр хайх, амьдрах нөхцлөө даган урагш довтлох хэрэг гарсан гэж Хятад эрдэмтэд үзэж буй ажээ. Хятадын ШУА-ийн байгаль, цаг уурыг судлах олон улсын төвийн эрдэмтэн Шиэ Жэн Хуй-ийн (ХieZhenhui) үзэж буйгаар Монголд хэрвээ цаг агаар дулаахан байж, бороо цас хангалттай орж байсан бол нүүдэлчид өмнө зүг довтлон Хятадыг эзлэх шаардлагагүй байсан гэх таамаглалыг дэвшүүлсэн байна. Хятадын хувьд байр суурь нь дэлхийн дулаарал, байгалийн гам­шиг, огцом хүйтрэл нь нүүдэлчдээс үүдэлтэй хэмээн тайл­барласан байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр эко­системийн тогтворшил болон био­логийн өөрийгөө зо­хи­цуулах меха­низм улам алдагдах хандлагатай байгаа аж. Аливаа хямрал гэдгийг тогтолцооны өөрчлөлттэй холбоотой, нэгэнт тө­лөвшсөн системийн доторх уялдаа холбоо алдагдах, улмаар уг систем өөр дүр төрхтэй болж хувьсахын эхлэл гэж ойлгож болох юм. Хүн төрөлхтөний хурдацтай өсөн нэ­мэгдэж буй эдийн засаг, барилгажилт, хүм амын өсөлт, үйлдвэржилт зэрэг нь хүлэмжийн хийг ихээр үйлдвэрлэснээс үүдэж байгаа юм. Харин хүлэмжийн бусад хийнүүд болох нүүрсхүчлийн давхар исэл нь үйлдвэрийн болоод хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, түүнчлэн түлшийг шатаасны улмаас агаар мандалд үүсэж хуралддаг. Гэтэл эдгээр хийн агаар мандал дахь хэмжээ аажмаар нэмэгдсээр сүүлийн 200 жилийн дотор нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ гэхэд 30 хувиар өссөн байна. Сүүлийн үед дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй хүлэмжийн хий нь метан болохыг цаг уурчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Метан нь нүүрсхүчлийн хийгээс 60 дахин хүчтэй боловч агаар мандалд байх хугацаа нь харьцангуй богино буюу 8-10 жил гэж үздэг. Гэтэл нүүрсхүчлийн хий агаар мандалд 100 жил байдаг ажээ. Агаар мандалд хүлэмжийн хийн хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа нь дэлхийн ду­лааралд хүргэж байгаа гэдэгтэй ихэнх мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа юм. Иймээс дэлхийн ду­лаар­лыг буу­руулахад агаар мандалд байх метаны хуримтлалыг бууруулах нь нэн тэргүүний зорилт болж байна. Метаныг хамгийн ихээр ялгаруулж байгаа гол эх үүсвэр нь мал аж ахуй гэж үздэг. Дэлхий дээр мал аж ахуйгаас жилд 100 гаруй сая тонн метан ялгардаг гэсэн тооцоо бий. Энэ хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаагийн шалтгааныг дэлхийн махны хэрэглээ өнгөрсөн тавин жилд тав дахин нэмэгдсэнээр тайлбарлаж болно. Мал амьтнаас ялгарч буй нийт метаны 85 орчим хувь нь малын хоол боловсруулах үйл явцад үүсдэг. Нэг үнээнээс ялгарах метаны хэмжээ харьцангуй бага боловч дэлхийн амьтдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө асар их юм. Үлдсэн 15 хувь нь амьтдын ялгадаснаас үүсдэг. Нөгөөтэйгүүр амьтны ялгадас нь ундны ус бохирдуулах гол шалтгаан болдог. Австрали улсын 28 сая үхэр, 110 сая хонь жилд 3 сая тонн орчим метан ялгаруулдаг гэсэн тооцоо гарчээ. Метан нь нүүрсхүчлийн хийнээс 60 дахин хүчтэй гэвэл гурван сая тонн метан нь 180 сая тонн нүүрсхүчлийн хийтэй тэнцэнэ. Энэ улсын хувьд нийт метаны 55 орчим хувь нь мал аж ахуйгаас ялгардаг гэж үздэг. Эндээс мал аж ахуй эрхлэлт нь дэлхийн дулааралд нүүрсээр ажил­ладаг цахилгаан станцаас дутуугүй нөлөөлдөг болох нь харагдаж байна. Гэхдээ хүлэмжийн хий огт байхгүй бол сөрөг нөлөөг авчирч байгаа юм. Учир нь нүүрсхүчлийн давхар исэл нь дулааныг ихээр цуглуулдаг байна. Хүлэмжийн хийгүйгээр дэлхий бү­хэлдээ мөсөн бөмбөрцөг болох аж. Энэ нь дан ганц хүлэмжийн хийтэй холбоотой бус юм. Хүн амын өсөлтийг дагаад хүнсний хэрэглээг хангахын тулд ногоон байгалийг үгүй хийж газар тариаланг хөг­жүүлсэнтэй холбож үзэж болно. Энэ байдлаар дэлхийн ду­лаарал нэ­мэгдвэл 2050 он гэхэд бүх амьтдын дөрөвний нэг нь үгүй болж цэвэр усны нөөцийн гуравны нэг, ой хээрийн бүсийн 17 орчим хувь үгүй болох аж. Энэхүү огцом хүйтрэл, цаг агаарын өөрчлөлт нь цэвэр устай салшгүй хамааралтай аж.

Манай гариг дээр 263 гол, мөрөн улс орнуудын хил, хязгаарыг “зөрчиж” дамнан урсдаг гэх бөгөөд бөм­бөрцгийн иргэдийн тэн хагас шахам нь хоёр, түүнээс дээш орны нутаг дэвсгэрийг хамарсан гол, мөрөн нуурын ай, савд амьдардаг байна ЮНЕСКО-ийн илтгэлд тэм­дэг­лэс­нээр 2023 он гэхэд дэлхийн усны нөөц 30 хувиар багасах аж. Өөрөөр хэлбэл 11 жилийн дараа өнөөгийн нийт усны гурван литр тутмын нэг нь байхгүй болох нь байна. Түүнээс хоёр жилийн хойно буюу 2025 он гэхэд нэг тэрбум 800 сая хүн усны гачигдалд орно гэх судалгаа гарсан байна. Мөн хойд мөсөн далайн томоохон мөсөн уул салж байна гэсэн мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Уг мөсөн уул нь хэмжээгээрээ Нью-Йорк хо­ттой адил гэнэ. Энэ нь томоохон аюулыг дагуулж байна гэж судлаачид үзэж байгаа аж. Мөн XX зууны туршид дэлхийн дундаж температур цельсийн 0.6 хэмээр нэмэгджээ. Энэ хугацаанд манай гарагийн далайн усны түвшин 10-20 сантиметрээр дээшилсэн байна. Далайн усны түвшин нэмэгдсэн нь туйлын мөс хайлсантай холбоотой. Антарктид тив болон Хойд мөсөн далайн орчмын мөсөн бүрхүүлийн хэмжээ улам бүр багассаар байгаа нь илт болжээ. Эрдэмтдийн ажиглалтаар Хойд мөсөн далайн мөсний зузаан хавар намрын улиралд арван жилийн өмнөхтэй харьцуулбал 40 хувиар нимгэрсэн байна. Далай, тэнгисийн усны түвшин нэмэгдэж, хар салхи, цунами болох нь ихэссэнээр үерийн тоо ч нэмэгдэж магадгүй юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлт түүнчлэн хүний үйл ажиллагааны улмаас Гренландын мөсөн бүрхүүл бүрмөсөн хайлах нь хэдийнэ то­дорхой болсон гэж эрдэмтэд үзэж байна. Хэрвээ ингэвэл далай тэнгисийн түвшин долоон метрээр нэмэгдэх аюултай юм.

Олон орны ихэнхи эрдэмтэд дэлхийн цаг уур өөрчлөгдөж байгаа гэдэгтэй санал нэгтэй байна. Гэхдээ тэдний зарим нь “Дэлхий дахины дулаарал” гэсэн нэр томъёог бий болгоод, үүний улмаас галав юүлж, дэлхий ертөнц сүйрэх тухай таамаглал дэвшүүлж байхад өөр хэсэг эрдэмтэд өвөлдөө болж буй огцом хүйтрэлийг “мөст­лөгийн шинэ үе” гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа ажээ. Гурав дахь хэсэг эр­дэмтэд, цаг уурын дулаарлаас болж ертөнцийн мөхөл зайлшгүй болно гэдэгт эргэлзэж байна. Тэдний бодлоор бол энэ сэдвээр шуугиан дэгдээж байгаа хүмүүс улс төр, санхүүгийн болон өөр бусад ашиг хонжоо хайгчид аж.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж