“Мөлхөөд ч хамаагүй харимаар л байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

“Мөлхөөд ч хамаагүй харимаар л байна”

Хуримын ордны хажууханд өнөөдөр “хачин” нэгэнтэй таарлаа. Шалбааг болсон нойтон, ноорхой хувцастай “одой” гэмээр хачин хүн  цайны газрын үүдэнд гуйлга гуйгаад сууж байв. Түүнийг цайны газрын тогооч бололтой эмэгтэй өндөр дуугаар хөөж туух нь хэцүү. Урдуур хойгуур хөлхөх хүмүүс тав арван төгрөг царайчлах эр  хоёр хөл, хоёр гараа тайруулжээ. Тэрбээр тамхи татахыг оролдож,  арай ядан тогтооно. Басхүү хоёр хөлөө тайруулсан ч өвдөг дээрээ сурамгай “алхаж” байв. Удалгүй түүний танил бололтой эрэгтэй цаас дэвсэж, түүний гуйлга гуйх талбарыг засч, мөнгөө хийх хайрцагийг нь өмнө нь  тавиад явж одов. Б.Баатар гэгч 29 настай энэ залуу 13 настайдаа тахир дутуу болж, 16 жил хөл гаргүй амьдарчээ. Түүнд хоол авч өгөх болзолтойгоор хэдэн хором ярилцсан юм.

-Та  хаана амьдардаг вэ?

-Төв номын сангийн хажуу талын траншейнд гурвуулаа амьдраад багагүй хугацаа өнгөрч байна. Хотод хамаатан садан, таних хүн ер нь байхгүй. Хамаатан садангүй хүн чинь ингэж л нөхөдтэйгээ хамтран траншейнд амьдарахаас өөр замгүй шүү дээ. Янзтай дулаахан ш дээ, тохьтой ч гэж аргагүй.

-Өдөрт гуйлга гуйгаад хэдэн төгрөг олдог вэ? Хоол ундны тухайд?

-Өдөрт 5-10 мянган төгрөг олчихно. За өнөөдөр муу ажиллаа гэхэд л таван мянган төгрөг олдог. Бидний амьдардаг траншейны хажууханд байдаг ТҮЦ-ний эмээ бид нарт бэлэн гоймон өгдөг. Гэхдээ буцалгалгүй халаах төдий болгоод  өгдөг юм. Өдөр бүр бэлэн гоймон идсээр байгаад ёстой уйдаж байна.

-Та яагаад тахир дутуу болчихсон юм бэ?

-Би Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүн. Гуравдугаар ангид байхдаа загасанд явж байгаад төөрчихсөн юм. Тэгээд  л гар хөлөө хөлдөөгөөд Мөрөнгийн эмнэлэгт тайруулсан. Жаахан байхдаа Улаанбаатарын гэмтлийн эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэдэг л байсан. Үүнээс хойш олон жил ийм явж байна. Энэ байдалдаа ч дасч байх шиг байна.

-Хиймэл хөл хийлгэх талаар хөөцөлдсөн үү?

-Уг нь хиймэл хөл  байсан юм. Би чинь хүүхэд байхдаа, өсөлт явагдаж дуусаагүй үед хөл гараа тайруулсан. Тийм болохоор дөрвөн мөчний яс ургаад хиймэл хөл хийхээр холгоод  хэцүү. Хиймэл хөл хийхээр газраас хөндий сайхан  ч  ясан дээрээ явахад үнэхээр хэцүү. Тэгэж зовсноос  мөлхсөн нь амар байдаг.

-Хэзээ хотод ирсэн бэ? Хөвсгөлд хамаатан садан бий юу?

-Ээж, гурван дүү маань байгаа. Тэднийгээ их л санаж байна. Өнгөрсөн жилийн зургаан сард ирсэн. Тэр үед ээж алдарт эхийн мөнгө аваад намайг тэр мөнгөөрөө хот руу явуулсан.

-Тэгэхээр өөрийн хүслээр хотод ирээгүй хэрэг үү. Төрөөс тахир дутуу хүмүүст өгдөг тэтгэмжээ аваад хөдөөдөө амьдарч болно шүү дээ?

-Мэдэхгүй ээ. Ээж л машинд суулгаад явуулсан. Гэхдээ би ээждээ буруу өгөхийг хүсэхгүй байна. Халамжийн мөнгө 53 мянга, асаргааны мөнгө 30 гаруй мянга, хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг гээд уг нь би чинь их орлоготой хүн шүү дээ. Одоо тэр бүх мөнгийг ээж л авч байгаа. Сумын банкны хүмүүс чинь бие биеэ э сайн таньдаг болохоор ээжид миний мөнгийг өгчихдөг. Би чинь төрийн буянаар хоолныхоо мөнгөө олчихдог болохоор гэртээ харьж ээж гурван дүүгээ тэжээх үүрэгтэй. Энд гуйлга гуйгаад суухаар бие улам дордоод байна. Бусад гуйлга гуйдаг хүмүүс их архи уудаг, харин би архинд үнэхээр дургүй.

-Хэзээ харъя гэж бодож байна?

-Хурдхан л харимаар байна. Над шиг амьтныг хэн Хөвсгөл рүү авч явах вэ.  Дулаараахаар мөлхөөд ч болсон явмаар байна. Очиж чадах болов уу гэж бодох үе байдаг.

Насан туршдаа тахир дутуу болсон хүүгээсээ ээж нь залхсан юм болов уу. Эсвэл ээждээ түвэг удахгүй гэсэндээ хот руу ирчихсэн хэрэг үү. Түүний хэлснээр ээж нь хот руу явуулж. Тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг ч гэлээ төрсөн үрээ хүний газар хөсөр хаях сэтгэл эх хүнд баймааргүй л  юм.

Сэргэлэн, яриа хөөрөөтэй энэ залуу өдөр болгон гуйлга гуйж олсон мөнгөөрөө бэлэн гоймон идэж, хамт амьдардаг найзууддаа ганц шил архи авч өгсөөр жил шахам  хугацааг үджээ. Харахад л нүд халтирам энэ хүн төрсөн нутагтаа очихыг чин сэтгэлээсээ хүсч  байгаа нь мэдрэгдсэн. Түүнд мөлхөөд ч болов Хөвсгөл хүрэх эрмэлзэл дүүрэн байлаа. Гэхдээ олон зуун км замыг мөлхөж туулна гэдэг…

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж