Фабио Капелло Английн шигшээг дасгалжуулахгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Фабио Капелло Английн шигшээг дасгалжуулахгүй

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фабио Капелло өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцорсон тухай тус улсын хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор мэдэгдлээ. Итали мэргэжилтэн өчигдөр “Уэмбли”-д Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Дэвид Бернштейн болон ерөнхий нарийн бичгийн дарга Алекс Хорн нартай уулзаж, шийдвэрээ танилцуулжээ. Английн хөлбөмбөгийн холбооны албан ёсны мэдэгдэлд “Фабио Капелло Английн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг мэдэгдэж байна. Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалтын эцэст бид Фабио Капеллогийн хүсэлтийг хүлээж авсан. Тэр маш гэнэтийн шийдвэр гаргаж, ажлаа орхилоо” гэжээ. Өнөөдөр эрхэм Дэвид Бернштейн болон шигшээ багийн менежментийн албанаас албаны тайлбар өгөхөөр “Уэмбли”-д хэвлэлийн бага хурал зарласан байна. Тэр болтол ямар нэг мэдээлэл, тайлбар өгөхөөс татгалзжээ.

Английн хөлбөмбөгийн холбооноос Жон Терриг шигшээ багийн ахлагчаар тоглох эрхийг хязгаарлах шийдвэр гаргасныг Фабио Капелло шүүмжилж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Тиймээс итали мэргэжилтэн ажлаа хүлээлгэн өгөх болсон шалтгааныг хэвлэл, мэдээллийнхэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх шалтгаанаар шигшээ багийн ахлагчийн туузаа хураалгасан Жон Терригийн асуудалтай холбон тайлбарлаж байна. Гол нь шүүхээс хэн нэгний гэм буруутайг батлаагүй байхад холбооны зүгээс шийтгэл ногдуулсан нь шударга бус гэж үзэж буйгаа илэрхийлж байсан юм.

Английн шигшээ баг хоёрдугаар сарын 26-нд “Уэмбли” цэнгэлдэхэд Нидерландын шигшээ багийг хүлээн авч, нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байгаа. Тус тоглолтод Английн 21-ээс доош насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стюарт Пирсийг шигшээ багийн дасгалжуулагчаар оролцуулах саналтай буйгаа Английн хөлбөмбөгийн холбооны хөгжлийн асуудал хариуцсан захирал Гарет Саутгейт илэрхийлсэн байна.

Цаашид “Гурван арслан”-г дасгалжуулах эрхмийг ойрын хугацаанд сонгох бөгөөд Премьер лигийн “Тоттенхэм” клубын дасгалжуулагч Харри Рэднэпп болон “Уэст Бром”-ын дасгалжуулагч Рой Хожсон нарын нэр яригдаж байна.

Дашрамд сонирхуулахад, Фабио Капелло Английн хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн дасгалжуулагч юм. Тэрбээр 2008 оноос эхлэн “Гурван арслан”-г дасгалжуулахдаа нийт 42 тоглолт хийхдээ 28 ялж, найман тоглолтод тэнцэж, зургаан удаа ялагдал хүлээсэн амжилт үзүүлжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж