Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Энхболд нарын санаачилсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн нэр нэг боловч, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа нь өөр хоёр төслийг хэлэлцэж байна. Тодруулж хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санаачилсан энэхүү төсөлд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган зохион байгуулна хэмээн заагаад буй бол МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд салгаж зохион байгуулах. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийг намар нь буюу ирэх аравдугаар сард зохион байгуулахаар төсөлд заагаад буй юм. Тиймээс агуулгын хувьд үндсэндээ хоёр өөр энэхүү төслөө хоёр намын бүлгийн гишүүд хамгаалан мэтгэлцээн өрнүүлсээр байна.

Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар оролцож, гишүүдийн асуултад хариулт өгч байна. Сонгуулийн ерөнхий хорооны даргын хувьд “Хоёр сонгуулийг нэгэн зэрэг явуулах нь техникийн талаасаа хүндрэлтэй” хэмээн хариулж буй бол ерөнхий нарийн бичгийн дарга нь “УИХ-аас Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль хамтдаа нэг өдөр зохион байгуулах ёстой гээд баталчихвал, Сонгуулийн ерөнхий хорооны хувьд хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” хэмээн тус бүрийн байр суурийг илэрхийлсээр байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж