“Нью-Йорк”-ыг ялалтыг Жереми Лин хөтөлсөөр

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Нью-Йорк”-ыг ялалтыг Жереми Лин хөтөлсөөр

Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-гийн улирлын тоглолт үргэлжиж байна. Багууд энэ улиралд нийт 66 тоглолт хийх бөгөөд хэрхэн өрсөлдөж буйг хүргэе.

“Дорнод”-д өнгөрсөн улирлын аварга “Чикаго Буллз” 22 хожил, зургаан хожигдолтойгоор тэргүүлж явна. Деррик Роүз, Луол Денг нарын лидерүүд нь эргэн ирж, “Бухнууд” сүүлийн дөрвөн тоглолтдоо дараалан ялаад байна. Аман хүзүүнд орчин цагийн “Их гурвал”-тай “Майами Хит” 19 хожиж, долоон хожигдсон амжилттай удаалсаар. Флорида мужийн баг гурав дараалж хожсоны дараа өчигдөр “Орландо”-д дийлдсэн. Харин “”Филаделфи”, “Индиана”, “Атланта”, “Орландо” гурваас зургаад бичигдэж байна. Харин улирлын гараагаа тааруухан эхлүүлж, шүүмжлэлийн бай болоод байсан NBA-гийн хамгийн түрүүтэй “Бостон Селтикс” сүүлийн 10 тоглолтынхоо нэгээс бусдад нь ялалт байгуулж, бүсийнхээ долдугаарт орж ирлээ. Багийн тархи Ражон Рондо нь хэсэг хугацаанд бэртлийн улмаас тоглоогүй үеэр тэд хожил нь хожигдлоосоо илүү таваргаж явсан. Гэвч “Бостон” том багийн зангараг ямар байдгийг харуулж эхэллээ. Тэгээд ч хөгшин “Их гурвал” залууст байраа тавьж өгөх болоогүй гэдгээ сүүлийн хэдэн тулаанд тод харуулж байна. Улирлын өмнө солилцоо, наймаанд тун идэвхтэй оролцсон “Нью-Йорк Никс” гурав дараалж хожсон. Гэхдээ сүүлийн тоглолтод шилдэг довтлогч Амаре Стайдемайр, Кармело Энтони нар нь тоглоогүй ч Америкт төрж, өссөн хятад холбон тоглогч Жереми Лин багаа ялалтад хөтлөхөд чухал үүрэг гүйцэтгэв. NBA-гийн дүү “Хөгжлийн лиг”-т хоёр жил тэнэсэн тэрбээр сүүлийн гурван тоглолтод дунджаар 24,5 оноо түүжээ. Энэ бүст алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы “Шарлотт Бобкетс” ердөө гурван хожилтой сүүл мушгиж явна. “Шарлотт” 12 тоглолтод дараалан бүдрээд байгаа бөгөөд энэ жилийн драфтын лото эргүүлэхээр хүлээж сууна.

“Өрнөд”-д Кевин Дюрантаар ахлуулсан “Оклахома Сити Тандер” 20 хожил, таван хожигдолтой тэргүүлсээр. “Аянганууд” энэ эрчээ алдалгүй явах аваас түүхэндээ анх удаа улирлын аварга болох магадлалтай. Харин хоёроос наймдугаар байрт яваа багуудын хожил, хожигдол ердөө хоёр, гурван тоглолтоор зааглаж байна. Аман хүзүүнд Аргентиний шилдэг довтлогч Ману Жиноболигоо бэртлээр алдсан NBA-гийн дөрвөн удаагийн аварга “Сан-Антонио Спэрз” 66,7 хувьтай бичигдэж явна. “Давируулууд” сүүлийн зургаан тоглолтод дараалсан ялалт байгуулсан бөгөөд холбон тоглогч Тони Паркер лидерийн үүргийг нэр төртэй биелүүлж буй. Франц эр даваа гаригт лигийг өнгөлж буй “Оклахома”-г буулган авахад 42 оноо түүсэн бол өчигдөр “Филадельфи”-г хожиход 37-г авчээ. Харин гуравдугаарт “Клипперз” 15 ялалт, найман хожигдолтой явна. Лос-Анжелес хотын багийн хашир туршлагатай хамгаалагч Чонси Биллапс бэртлээс болж, энэ улирлыг дуустал харагдахгүй болсон нь том гарз. Гэхдээ тэд цагтаа NBA-гийн хамгийн хүчирхэг довтлогчын нэгд тооцогдож байсан Кеньон Мартиныг саяхан багтаа элсүүлсэн юм. Ингэснээр “Клипперз” будагтай талбайд ямар багт дээрэлхүүлэхгүй болсон.

Улирлын тоглолтыг гайхалтай эхлүүлж, сагсан бөмбөгийн сонирхогчдын анхаарлыг татаад байсан “Денвер”, “Юта” багууд одоо сууж эхэлж байна. Ялангуяа Колорадо мужийн баг сүүлийн дөрвөн тоглолтод дараалан хожигдож, бүсийнхээ зургаа руу шидэгдлээ. Ядаж байхад тэдний онооны лидер Данило Галинари хуучин бэртэл нь сэдэрснээр бүтэн сар багтаа тус хүргэж чадахгүй болсон. Энэ бүст “Нью-Орлеан” дөрвөн хожилтой баян ходоод болж байна. “Зөгийнүүд” плей-оффт өрсөлдөх найдвар үгүй болсон. Тиймээс тэд “Шарлотт”-ын адил энэ жилийн драфтаар багтаа сайн тоглогч элсүүлсэх хүсэлтэй байгаа.

УЛИРЛЫН ТОГЛОЛТЫН ЯВЦ:

ДОРНОД БҮС

  1. Чикаго 78,6
  2. Майами 73,1
  3. Филадельфи 69,2
  4. Индиана 68,0
  5. Атланта 65,4
  6. Орландо 61,5
  7. Бостон 58,3
  8. Милуоки 44,00
  9. Нью-Йорк 42,3
  10. Кливленд 41,7
  11. Нью-Жерси 29,6
  12. Торонто 29,6
  13. Детройт 25,9
  14. Вашингтон 19,2
  15. Шарлотт 12,0

“ӨРНӨД” БҮС

  1. Оклахома 80,0
  2. Сан-Антонио 66,7
  3. Клипперз 65,2
  4. Хьюстон 57,7
  5. Даллас 57,7
  6. Денвер 57,7
  7. Лейкерс 56,0
  8. Юта 54,2
  9. Портлэнд 53,8
  10. Мемфис 50,0
  11. Миннесота 50,0
  12. Финикс 44,0
  13. Голден Стейт 36,4
  14. Сакраменто 36,0
  15. Нью-Орлеан 15,4

Б.Бат

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж