Магадгүй би өнөөдөр унтаж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Магадгүй би өнөөдөр унтаж чадахгүй

Ирээдүйгээ төсөөлж харахад минь сэтгэл мэдрэмж, дурсамж бухимдал болдог энхрийхэн хайртдаа гэгээн хайрын энэ өдөр гэгэлзэн байж захиа бичлээ. Анхны бас ариухан тэр хайр нэг л өдөр над дээр ирсэн. Бусдаас хөөрхөн биш ч нэг л хайр татам чамайг олж харсан тэр өдрөөс дэггүйхэн бодолдоо хөтлөгдөн гүйж явсан жаал хүү хэзээ ч тохиолдож байгаагүй тийм л хачирхалтай ичингүйрэл, мэдрэмжийг мэдэрч “эр хүн” болсон юм болов уу. Чамтай хамт байхыг мөрөөдөж, зүүдлэж, бусдаас харамлан байж чи минийх болсон. Гарыг чинь анх барихдаа хичнээн их сандарч байснаа санахад одоо ч догдлох мэдрэмж төрдөг.  Хамт байхдаа үргэлж л ямар нэгэн хөгжилтэй юм ярьж чамайгаа инээлгэдэг байсан сан. Хоёулаа хүүхэдтэй болхоороо Азжаргал, Баярбасгалан гэж нэрлэнэ гээд л инээлддэг сэн. Ийнхүү зөгнөн ярихдаа хэзээний л нэг гэрт орчихсон юм шиг ухамсартай царайлж бас ч үгүй дотроо нэгийг боддог байж дээ. Сургуулиас чинь тосч авах гэж сүүлийн цагийн хичээлээ таслаад чамд мэдэгдчихээд эгээтэй л эгчдээ загнуулж байгаа юм шиг зэмлүүлж билээ. Хичээлдээ суух дуртай, түүнээс ч илүүд тэгэж л дурласан. Гэрийн чинь үүдэнд  шүршдэг будгаар Н+Г гэж бичээд л. Их том зүйл хийчихсэн аятай чамайг дуудаж харуулаад л… Чи ч гэсэн надад урам өгөх гэсэндээ ч юм уу, үнэхээр баярласан ч юм уу баяртай нь аргагүй инээмсэглээд намайг үнсдэгсэн. Чамайг гарч ирэхгүй болохоор дотроо хичнээн их бухимдаж, бачуурдаг байсан надаас өөр хэн ч мэдэхгүй. Гэхдээ  чи мин ээж аавдаа агнуулаад гараад ирдэгсэн. Усан дээрээ чинийхээ дугаарын Ма Jolie гэж хадгалаад чамайг асуухад огт хэлж өгдөггүй байсан сан. “Миний гоо үзэсгэлэн” гэсэн утгагтай үг байсан юм шүү. Өдөр бүр уулзсан хэрнээ л цаг тутам хамт баймаар ч юм шиг санагдаж, уулзаад салсан хэрнээ санаад байдаг тийм л хачирхалтай хайр байж дээ. Инээд наргиан, догдлол гутрал, уучлал бухимдалтай хамт бидний амьдралын таван жил өнгөрсний эцэст хамгийн  нандин бидний холбоо тасрах тэр л агшинд эр хүн шиг эр хүн байж чадаагүйдээ харамсаад л хоцорч  билээ. Магадгүй тэр үед эргэж нийлэхгүйгээ мэдсэн, мэдэрсэн болохоор ядаж л эр хүн шиг чамайгаа явуулья гэж бодсон юм шүү. Гэгээхэн хэрнээ томоогүйхэн өсвөр насны минь хайр одоо ч сэтгэлийн минь хамгийн ариун нандин дурсамжууд хадгалагдан үлдсэн тэр л хэсэгт гүн гүнзгий хадаатай үлдэж дээ. Урсан өнгөрөх цаг хугацаанд хайлан урссан цастай адил чиний сэтгэлээс арилаа болов уу.

…Чи минь одоо амьдралынхаа ханийг олсон, энхрий хөөрхөн хүүтэй болсон гэж хүнээс сонслоо. Хүний амьдралын жам юм болохоор аз жаргал хүсье дээ чамдаа. Би ч бас энхрий хөөрхөн үртэй болохоороо хэзээ нэгэн цагт чамдаа хэлж байсан шигээ Азжаргал, Баябаясгалан гэж нэрлэх болно оо. Чинийхээ төлөө юу ч хийж чадахгүй ч чин сэтгэлээсээ аз жаргал хүсье. “Магадгүй би өнөөдөр унтаж чадахгүй биз”.

Х.Нарангэрэл

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж