Цочир хүйтрэл европчуудыг хашрааж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Цочир хүйтрэл европчуудыг хашрааж байна


Европт урьд хожид үзэгдээгүй хахир өвөл нүүрлэснийг сүүлийн хоёр долоо хоногт осгож нас барсан 500 гаруй хүний амь гэрчилж байна. Умард Атлантын эрэг хавиар хүйтний эрч  буурч эхэлсэн авч чөтгөр тогтохын аргагүй Сибирийн тэсгим хүйтэн жавар Польш, Серби, Румынь, Украйн зэрэг төв болон зүүн Европын орнуудад хамгийн халгаатай байгаа гэнэ. Хойд хөршөөс авахуулаад ердийн дулаан уур амьсгалд дассан Их Британийг нэлд нь хамарсан их хүйтрэл 1900-аад оноос хойш болоогүй аж. Украйнд гэнэтийн их хүйтрэлээс болж 131 хүн осгож нас баржээ.

Польшийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр өнгөрсөн бямба гаригаас хойш гэхэд л 20 гаруй хүн амиа алдаж, хүйтнийг тэсч гараагүй хүний тоо 100 хол давжээ. Европт цочир хүйтэрснээс болж осгож үхсэн хүмүүсийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ халаалтын системийн доголдол, байгалийн хийн хомсдол нэрмээс болж байгаа гэнэ. Өнгөрсөн бямба гаригт Косовод цасан нуранги үүссэнээс есөн хүн дарагдаж амиа алдсан юм. Цасан хунгар дороос таван настай охиныг гаргаж, амийг нь аварсан боловч гэр бүлийнхнийг нь аварч чадаагүй аж.

Цаг уурын шинжээчид цасан нуранги болсныг цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй холбон тайлбарлаж байгаа гэнэ. Өчигдрөөс эхлэн Умард Атлантын эрэг хавиар температур буурч эхэлсэн тухай мэдээ ирсэн нь сүүлийн хэдэн долоо хоногт тачигнасан жаварт хайруулж, өвлийн ид шидийг мэдэрсэн Европчуудад гамшиг ард хоцорлоо гэдэг найдвар төрүүлж байгаа гэнэ. Гэвч дийлэнх Европчууд цаг агаарын тайвшруулсан мэдээнд итгэл муутай байгаа аж. Өвөл нь дулаан болж өнгөрдөг Европын цочир хүйтрэлийг  цаг уурчид эхлээд нэг долоо хоногоос хэтрэхгүй гэж таамаглаж байсан юм. Гэвч хүйтний эрч улам чангарч, Сибирийн хүйтэн уур амьсгал ОХУ-аас авахуулаад Их Британийг нөмөрч буй энэ үед цаг уурчид цочир хүйтрэл хоёрдугаар сарыг дуустал үргэлжилнэ гэж анхааруулах болсон байна. Яг ийм шалтгаанаар дийлэнх Европчууд удахгүй дулаарна гэдэгт нэг л итгэж өгөхгүй байгаа аж.


Өчигдрөөс эхлэн Бельги, Франц, Германы зарим нутгаар болон Нидерландад температур өсөх хандлага гарсан боловч хагас хөлдүү байдалд буй төв, зүүн Европт хүйтний эрч чанга хэвээр байгаа юм. Дунай мөрөн, Хар тэнгис хөлдсөнөөс далайн тээвэр зогсч, хүнсний бүтээгдэхүүн муудахад хүрээд байгаа гэнэ. Харин зочид буудлууд замдаа саатсан аялагчдаар дүүрсэн аж. Цаг агаарын таагүй үзэгдлээс болж Италид цаг агаарын таагүй үзэгдлээс болж зам тээвэр саатаж, түүх, дурсгалын газрууд хаагджээ.


Францад их цас орсноос болж нийтийн тээвэр, галт тэрэг, нислэгийн үйлчилгээ саатаж, дэд бүтцийн хямрал нүүрлээд байгаа гэнэ. Тус салбарын мэргэжилтнүүд хүйтний эрч буурахгүй бол нөхцөл байдал улам дордоно гэж таамаглаж байна. Гэнэтийн цочир хүйтрэлээс болж айлуудын усны хоолой хөлдөж, ус нь зад тавьсан гэсэн дуудлага улам нэмэгдэж байгаа гэнэ. Цаг агаарын эрс тэс үзэгдэл Европоос хальж, хойд Африкт хүрчээ. Алжирт гэнэтийн хүйтрэлээс болж 44 хүн амиа алдсан бөгөөд хүйтэнд дасаагүй хүмүүс маш хүнд нөхцөлд орсон байна. Хүйтнээс болж Парис хотод зохион явуулахаар төлөвлөж байсан рэгби тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт цуцалсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж