Зэс хайлуулах үйлдвэр ”лөөлөө” болов

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Зэс хайлуулах үйлдвэр ”лөөлөө” болов

Монгол Улс уг нь зэсээ олборлож, экспортолж эхлээд 30 гаруй жилийг ардаа
орхижээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл зэс хайлуулах үйлдвэр
байгуулсангүй. Энэ асуудлыг "Эрдэнэт"-ийн уулын баяжуулах үйлдвэр
байгуулагдсан тэр цагаас хойш ярьсан ч өнөөг хүртэл бүтээгүй л байна.

Зэс хайлуулах үйлдвэр байгаль экологид халтай, өндөр нарийн технологи
шаарддаг, зардал өндөртэй гэх мэт асуудал байдаг ч энэ нь үйлдвэрийг
бүхэл бүтэн 30 жилийн турш барихгүй байх шалтгаан мөн үү гэвэл хараахан
нийцэхгүй л болов уу. Ялангуяа сүүлийн 20 гаруй жилд зэс хайлуулах
үйлдвэрийг байгаль орчинд халгүйгээр барих технологийг дэлхийн олон улс
оронд нэвтрүүлсэн байхад шүү дээ.

Ингээд бодохоор улс төр, бизнесийнхний тодорхой хүрээнд "Эрдэнэт"-д зэс
хайлуулах үйлдвэр байгуулах сонирхолгүй улсууд байх шиг. Үнэхээр
зориглоод хөдөлбөл зэс хайлуулах үйлдвэрийг байгуулчих цаг хугацаа
хангалттай байсан гэж бодож байна. Ялангуяа "Эрдэнэт"-ийг түшиглээд
барихад бол ямар ч асуудалгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд нь ч хэлдэг
билээ.

Технологийн дагуу бол зэсийг баяжуулсныхаа дараа цэвэршүүлэх ёстой
байдаг. Манай улс зэсийн баяжмалыг хангалттай экспортолж, улсын төсвийн
"саалийн үнээ" болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэтэл баяжуулсан
биш цэвэршүүлсэн зэс экспортолбол орлого одоогийнхоос 10 дахин ч
нэмэгдэх боломжтой билээ. Зэсийг хайлуулна гэдэг энгийнээр хэлбэл, шууд
компьютерийн микросхем, нарийн деталь хийхэд бэлэн болсон цэвэр зэс
болгоно гэсэн үг.

Тийм ч учраас дэлхийн зах зээл дээр цэвэршүүлсэн зэс илүү үнэтэй. Зэсийн
баяжуулах үйлдвэр нь хайлуулах үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийн 70
гаруй хувийг бүрдүүлдэг хэмээн судлаач М.Дамдинсүрэн хэвлэлд өгсөн
ярилцлагадаа дурьджээ. Өөрөөр хэлбэл, манай улс зэс хайлуулах үйлдвэр
байгуулахад шаардлагатай дэд бүтцийн 70 гаруй хувийг Эрдэнэтэд хийчихсэн
гэсэн үг.

Дээрээс нь 20-30 хувийн хөрөнгө оруулалт хийхэд л зэс хайлуулах үйлдвэр
байгуулах бүрэн боломжтой гэж байна. Байдал ийм байхад өнөөг хүртэл
яагаад зэс хайлуулах үйлдвэр байгуулагдахгүй байна вэ. Цаашдаа зөвхөн
баяжмал бус цэвэршүүлсэн зэс экспортлох хэрэгтэй гэж олон жил ярьж
байгаа ч өнөөг хүртэл сураг алга. Эрдэнэтийн районыг түшиглэн зэсийн
хайлуулах үйлдвэр байгуулах ажил хэт удаашралтай байсан тул УИХ-аас 2010
оны дөрөвдүгээр сард тогтоол гаргасан.

Энэ хүрээнд зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажлыг түргэвчилж, байгаль
орчинд ээлтэй, шилдэг технологийг ашиглан 2012 оны эцэс гэхэд үйлдвэрийг
ашиглалтад оруулахыг УИХ-аас гүйцэтгэх засаглалд даалгасан билээ.

Гэвч өнөөг хүртэл уг тогтоол хэрхэн хэрэгжээд, ямар шатандаа явж байгаа
нь тодорхойгүй байна. Тухайн үед УИХ-ын тогтоолын төслийг батлах ажлын
хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос энэ
талаар тодрууллаа.

Тэрбээр "Зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажлыг УИХ-аас Засгийн газарт
даалгаж, Засгийн газрын төвшинд ажлын хэсэг гарч ажилласан. Түүнчлэн
Эрдэнэтийн советын хурлаар энэ асуудлыг зөвшөөрч, ажил хэрэг болгохоор
болсон байгаа. Одоогоор ТЭЗҮ хийгдэж байна. Энэ хүрээнд үйлдвэрээ
байгуулах газрын талаар судалгаа хийж байгаа гэсэн. Байгаль орчинд
ээлтэй талаас нь "Flesh smelting" технологиор хийхээр болсон байгаа.
Дөрөвдүгээр cap гэхэд ямар ч байсан үйлдвэрийнхээ шавыг тавиад, барилгын
ажлаа эхлүүлэхээр зорьж байна" гэлээ.

Үйлдвэр ашиглалтад орох хугацааны тал дээр дор хаяж 3-4 жил
шаардлагатай, тийм ч амар ажил биш хэмээн Д.Дамба-Очир гишүүн мөн
тодотгосон. Уг нь УИХ-ын тогтоолын дагуу 2012 он гэхэд үйлдвэр
ашиглалтад орох ёстой байсан ч ирэх дөрөвдүгээр сард дөнгөж, шав тавих
ёслол л болох бололтой. Гэхдээ энэ нь бас яг баталгаагүй гэж байна. Энэ
ондоо багтаагаад шаваа тавьчихвал их сайн байна хэмээн Д.Дамба-Очир
гишүүн мөн хэлж байсан.

Хамгийн сонирхолтой нь зэс хайлуулах үйлдвэр барихад шаардлагатай
хөрөнгө оруулалтыг улсын төсөвт ямар нэгэн байдлаар тусгаагүй гэж
байгаа. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт" үйлдвэр өөрийн дотоод эх үүсвэрээ
шавхаж, үйлдвэрийг байгуулах ёстой. Ойролцоогоор 400 гаруй сая
ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж байгаа. Монгол төгрөгт
шилжүүлбэл, 500 гаруй тэрбум төгрөг болно. Улсын төсвөөс шаардлагагүй
зардлуудыг танаж чадвал зэс хайлуулах үйлдвэрээ байгуулчих хэмжээний
мөнгө хангалттай л гарахаар санагдаж байна. Иргэдэд бэлэн мөнгө олгоход
800 тэрбум төгрөг зарцуулж байсан шүү дээ.

Үүний оронд зэс хайлуулах үйлдвэрээ байгуулахад бага ч болов дэмжлэг
үзүүлсэн бол өдийд ашиглалтад орчихсон байхыг ч үгүйсгэхгүй болов уу.
Төрөөс нэг гараараа зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг түргэвчлүүлэх
шийдвэр гаргачихаад нөгөө гараараа шаардлагатай хөрөнгө оруулалтаар боож
байгааг юу гэж ойлгох вэ. УИХ-ын тогтоолын дагуу зэс хайлуулах
үйлдвэрийг "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь өөрийн хөрөнгөөр шийдэх ёстой л
доо.

Гэхдээ засгаас тодорхой хэмжээнд дэмжлэг байсан бол ядахдаа судалгаа,
шинжилгээний ажилд нэмэртэй баймаар. УИХ-ын гишүүн Н.Ганбямба "Зэс
хайлуулах үйлдвэр яагаад нэг их явж өгөхгүй байгааг судлаад үзэхэд
зэсийг баяжмалаар нь гаргаж байх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс
эсэргүүцээд байгаа гэх зүйл дуулдсан. Энэ үнэний хувьтай байх
магадлалтай. Уг нь зэс хайлуулах үйлдвэр тэдгээр хэсэг бүлэг хүмүүст бус
Монгол Улсад ашигтай байх ёстой шүү дээ" хэмээн бухимдлаа. Үнэхээр ямар
нэгэн хүчтэй бүлэглэл зэс хайлуулах үйлдвэрлэлийг удааж байхыг үгүйсгэх
аргагүй.

Тэгээгүй бол бараг 30 жилийн турш яригдсан асуудал яахаараа өнөөг хүртэл
бүтдэггүй билээ. Өнгөрсөн 2010 онд тогтоол гарахад нь "Одоо л нэг болох
нь дээ" гэж бодсон бас л бүтэх шинжгүй бололтой. Улсын төсвөөс мөнгө
гаргаагүй нь нэг бодлын буруу боловч нөгөө талаасаа хувийн хэвшлийн
хөрөнгө оруулалт аль ч тохиолдолд төрийнхөөс хурдан байдаг шүү дээ.
Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийнхэн хэрвээ хичээсэн бол 400 гаруй сая
төгрөгийг гаргаад, хөрөнгө босгоод, үйлдвэрийг барихад ямар ч
асуудалгүй гэсэн уг.

Гэтэл хоёр жил гаруйн хугацаанд хийж гавьсан зүйл төдийлөн байхгүй
бололтой. Бүтэн хоёр жилийн турш ажиллачихаад "ямар ч байсан шаваа
тавьчих хэрэгтэй, тийм ч амар хийчих зүйл биш" хэмээн учирлаж байна.
Ингэхэд үнэхээр бүх зүйл хүнд хэцүү, хийхэд амаргүй байна уу, эсвэл
хийхийг хүсэхгүй байна уу гэдэг нь сонирхол татаад байна.

Л.Энхдэлгэр

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж