Бурхан багшийн “Эрдэнийн шарил”-ыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Бурхан багшийн “Эрдэнийн шарил”-ыг танилцууллаа

Богд хааны ордон музейд тус музейн сан хөмрөгөөс олдсон бурхны их эрдэнийн шүтээний тухай албан ёсоор танилцуулах арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд БСШУ-ы сайд  Ё.Отгонбаяр, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Бурханч лам Г.Пүрэвбат зэрэг шашны тэргүүн лам хуваргууд оролцов.

Халхын Автай Сайн хан 1585 онд гуравдугаар Далай лам Содномжамцтай уулзаж, Монголд бурхны шашин дэлгэрүүлэх хүсэл зорилгоо илэрхийлэхэд, Дээрхийн гэгээн “Галд үл шатсан” буюу “Эрхий хуруун чинээ эндүү үгүй Бурхан багшийн эрдэнийн шарил өгсөн” тухай баримт бүхий судар нь Хөвсгөл аймгийн иргэн О.Бадмаадорж гэх эгэл жирийн малчин айлд хадгалагдан байжээ. Энэхүү нандин шүтээнийг Энэтхэгийн хэлээр “Ратна шарира” буюу “Эрдэнийн шарил” хэмээн нэрлэдэг аж. Энэ нэрнээс үүдэн “Эрдэнэзуу” хэмээх нэр бий болсон гэх.1935 онд тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Гэндэн ЗХУ-ын кино зураглаачдыг авчирч “Эрдэнэзуугийн цам”-ыг хальснаа буулган хадгалж байсны ачаар жирийн малчин айлаас олдсон “Эрдэнийн шарил”-ыг тэрхүү бичлэгтэй харьцуулж байж, мөн эсэхийг нотолсон гэнэ. Энэхүү нандин шүтээнийг академич Б.Ширэндэв болоод Х.Пэрлээ нарын эрдэмтэд нандигнан хадгалсаар бидний үед золгуулжээ. Шүтээнд Ажаа Ринбүчи болоод Дээрхийн гэгээн Далай лам өнгөрсөн онд тухайлан мөргөсөн төдийгүй Энэтхэг, Японы бурханы шашны зүтгэлтнүүд ирж мөргөөд байгаа гэнэ.

Энэ үеэр Бурханч лам Г.Пүрэвбат “Эрдэнийн шарил”-ын талаар тайлбар хийсэн юм. Тэрбээр “Сэтгэлийн эрхэм болгоныг олсон хүний чандар ихээхэн онцгой зүйлийг үлдээдэг. Бурхан багшийг чандарлах үед эрдэнийн их шарил нь олон өнгөт үрэл болон хувирснаас гадна дөрвөн соёо үлдсэн байдаг. Бурхан багшийн шарилыг шүтвэл бурхныг бодитой шүтсэнтэй адил. Бурхан багш нирваан дүрийг үзүүлсний дараа  түүний шарилаас олон шавь нарт нь хуваан тараасан. Ингээд бурхан багшийн шарилд зориулсан маш олон суврага боссон хэрэг. Бурхан багшийн шарил үржин дэлгэрдэг жамтай. Ганцхан бурхан багшийн чандраас ч бус томоохон хутагт хувилгаад, ариун нандин сахилга сахисан лам нарыг чандарлахад  бие цогцос нь үүсэн бий болж гардаг. Тайланд улсад бүр шарилын төрлийг томъёолж гаргасан байдаг. Мөн том лам нарыг чандарлаад чандраас нь юу гарав гэдгийг харж, ямар лам байсаныг нотолдог. Зарим ламын шарилаас тунгалаг болор шиг, заримаас нь өнгөт үрэл гэх мэт онцгой зүйл гардаг. Энэ бол үргэлж судлагдсаар ирсэн гайхалтай нандин уламжлал юм. Хамгийн сүүлд  2011 онд Нанжинь хотод нэгэн эртний суваргаас бурхан багшийн гавлын эрхий хурууны чинээ мэт хэмжээтэй чандар гарсан юм. Үүнийг Хятад даяар зарлаж, ард иргэд нь мөргөл хийсэн. Энэ мөргөлд миний бие өөрөө очсон. Тэрхүү чандар шар будааг таваас зургаа хуваасантай ижил хэмжээтэй улаан,цагаан, хөх гээд төрөл бүрийн өнгөтэй бөөрөнхий эрдэнийн үрлээр дүүрэн байсан. Үүгээр бурхан багшийн намтарт чандар нь эрдэнийн үрлээр дүүрсэн тухай бичсэн байдаг” хэмээн ярьсан юм.

Харин БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Монголчуудын хувьд олон зуун жилийн турш нандигнан шүтэж ирсэн зүйл Богдын музейн Их сан хөмрөгт хадгалагдаж байсныг бид эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулаад одоогоор 1585 гуравдугаар Далай лам Содномжамцад өгсөн эрдэнийн их шүтээн байх магадлалтай байна. БСШУЯ энэхүү шинжилгээ судалгааны ажлыг хариуцах болно. Цаг хэцүү үед нууж хааж байсан зүйлийг суварга болгон бүтээж, сүсэгтэн олонд таниулах гэж байна. Үүнийг цаашид хадгалан хамгаалах ажилд манай яам хамтран оролцох болно” гэлээ.

“Эрдэнийн шарил”-ын тухай баримт багтаасан “Өндөр гэгээн Занабазарын намтар” хэмээх судрыг гэртээ хадгалж байсан О.Бадмаадорж гуайтай  цөөн хором ярилцлаа. Тэрбээр энэ судраас Дээрхийн гэгээн III Далай лам Халхын Автай сайн хаанд эрдэнийн их шүтээнийг өгч явуулсан гэх баримтыг олж мэдсэн ажээ.

-Та энэхүү судрыг хэрхэн хадгалж байсан бэ?

-Би энэхүү үнэт судрыг ааваасаа өвлөн авсан юм. Аав маань 1930-аад оноос эхлэн хадгалж байсан юм билээ. Хари надад 1969 онд өвлөгдөн ирсэн. “Өндөр гэгээн Занабазарын намтар”, “Халхын найман Богдын товч түүх” гэдэг нэртэй судрууд хадгалагдаж байсан юм.

-Та судрын нандин чухал зүйлсийг өөрөө уншиж, тайлсан хэрэг үү?

-Би монгол, түвд, тод бичигтэй. Тиймээс өөрөө уншиж мэдсэн. Ингээд хот руу мэдэгдэхэд Занабазар хүрээлэнгийнхэн ирж, танилцсан юм.

-Үнэт судрыг цаашид хаана хадгалуулах вэ?

-Миний аав Хамба гэгээн Жамбалдоржийн бараа бологч буюу гавж цолтой хүн байсан, Далай вангийн хошууны Хамрын хийдэд шавилан суудаг байсан юм. Аавынхаа өвлүүлж үлдээсэн зүйлийг өөрөө хадгалсан нь дээр гэж бодож байна.

Д.Жаргалсүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж