Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Чуулганыг завсарлуулах сонирхолгүй байгаа гэдгээ Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлцгээж байлаа. “Хэлэлцэн шийдвэрлэх асуудал их байхад, тухайлбал Орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийж амжаагүй байж чуулганаа хааж тарцгаах нь” гэж шүүмжилж байв.   Орон нутгийн сонгуулийн хуулийг хурдхан цэгцлэхгүй бол бэлэг сэлт тарааж, хөдөө орон нутгаар хөрөнгө хаяж яваа хэн хэн байгаа талаар ч хэлж байв. Энэ нөхдийн дунд Ерөнхий сайд С.Батболд ч “тууж” яваа бололтой. Л.Гантөмөр гишүүн “Ажлаа хийхгүй оймс тараахаа больё. Ерөнхий сайд хүртэл оймс тарааж байна шүү дээ” гэв. Үүнийг нь “Фортуна” Б.Батбаяр гишүүн өлгөж аваад “Маханд очерлоод даарч байгаа хүмүүсээ бага дааруулах гэж оймс өгч байгаа юм уу” гээд ойр хавийнхаа гишүүдтэй нийлэн инээлдэцгээж байв. “Мах олдохгүй байхад оймс тарааж байгаа юм байлгүй, манай С.Батболд” гээд даапаалж байсан гишүүд Л.Гантөмөрийн “тараасан оймсноос нь манай өрөөнд нэг байгаа” гэхэд нүд нь бүр ч сэргэж “Аваад ир, ямар оймс тарааж байгаа юм сонирхоё”  гэх нь дуулдав. Ингээд тэр хэсэг гишүүд Ерөнхий сайд ямар оймс тарааж буйг сүүлд нь Л.Гантөмөрийн өрөөнд нь очиж үзэхээр шийдсэн бололтой оймсний хэргийг тэгсгээд намжаав.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж