Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх нь тодорхойгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдрөөс зарлан хуралдуулах тухай тогтоолын төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр 19.30 цагийн орчимд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүлсэн билээ. Хуульд зааснаар УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулах өдөр, цагийг товлох ёстой. Гэвч одоогоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудлаар УИХ-ын дарга захирамжаа гаргаагүй байна. Ямартай ч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын алба хуралдаан зарлаад буй мэдээтэй байгаа юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь ээлжит бус чуулганыг өнөөдрөөс зарлан, цагаан сар хүртэл хуралдуулах шаардлагатай гэж үзэж буй. Энэ хугацаанд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах шаардлагатай гэж үзсэн юм. Гэхдээ намрын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төсөл, мөн Засгийн газар болон нэр бүхий гишүүдийн санаачилсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол зэрэг нэлээд хэдэн хуулийн төслүүдийг гаргаас гаргах  ёстой байсан ч, чадаагүй. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн гурван ч хуулийн төсөл дээр завсарлага авч буйгаа мэдэгдсэнтэй холбоотой. УИХ-ын даргын зүгээс хоёр намын бүлгийн дарга нар ойлголцож, аль болох хуулийн төслүүд дээр завсарлага авалгүйгээр асуудлаа шийдэх ёстой гэсэн үзэн, цаг гаргаж өгсөн ч ойлголцолд хүрээгүй тул шууд намрын чуулганы хаалтыг хийсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж