Ууц чанах үйлдвэртэй болъё

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Ууц чанах үйлдвэртэй болъё

Сар шинийн баярын өмнө зарим хүн хотын төвд орон сууцны хороолол дунд гэр барьж иргэдэд ууц чанах үйлчилгээ үзүүлдэг жишиг бий. Гэвч “Ариун цэврийн шаард­лага хангахгүй”, “Махыг нь соль­сон”, “Ууцийг нь авч нүү­сэн”  зэрэг зөрчил олон гарч  хүмүүсийн бухимдлыг тө­рүүлдэг гэж байх юм. Иймд  Нийслэлийн Засаг даргын За­хирагчийн албанаас энэ жил хотын төвд гэр барин, ууц чанахыг хориглосон шийд­вэр гаргалаа. Ингэхдээ гэр­тээ ууцаа чанах боломжгүй иргэд зоогийн газар, аль эсвэл гэр хорооллын айлуудад ча­нуулахыг зөвлөсөн юм. “Нэг үхрийн эвэр доргивол, мян­ган үхрийн эвэр доргино” гэгчээр цэвэрхэн нөхцөлд ууц чанаж олон түмэнд үйлчилж хэд арван төгрөг олдог за­рим хүмүүс хомрогонд нь өртөх нь гээд сандарч байгаа сурагтай. Энэ бол шал дэмий зүйл. Тэд сандрах хэрэггүй. Ийм асуудлыг шийдвэрлэх шиг хялбархан зүйл байхгүй. Хотын төвд ууц чанаж байсан хүмүүс зүгээр л гэр  хороолол руу нүүчих хэрэгтэй. Хотын төвд ууц чанахаар ариун цэврийн шаардлага хангахгүй гээд байгаа. Тэгэхээр хотын захад, гэр хороололд ууцаа чанаж болно гэсэн үг. Тэнд бүр их ариун цэвэрч байлгадаг юм шүү. Гэхдээ тэндэхийн ай­лууд хогоо гудамжинд хаяж, бохир заваан болгочихдог гэх яриа мэр сэр гарах нь гардаг. Тэгвэл энэ цуурхлыг намжааж гэр хорооллынхныг ариун цэвэрчээр нь дуудах цаг болсон. Цагаан сарын ууц чанах ажил энэ бүхнийг илтгэж байна шүү дээ. Бүгдээрээ ууцаа тэнд л чанацгаая. Ер нь яваандаа тусгайлан чанах үйлдвэр байгуулахад ч гэм­гүй. Жил бүрийн цагаан са­раар ингэж тэвдэнэ гэж юу байх вэ. Мэдээж хэрэг, ма­най мяндагтнууд ууц чанах үйлдвэрээ гэр хороололд бай­гуулахаа мэдэж л байгаа. Ин­гээд үйлдвэртэй болчихвол гэр хорооллынхон бүгд ажил­тай болж, ядуурал буурах нь тодорхой юм. Монголын ажилгүйдэл ч буурна. Ер нь энэ ууц чанах асуудлыг бод­логын түвшинд авч үзэх нь зөв юм байна шүү. Ард түмэн нь ажил төрөлтэй, бүр хонины ууцтай болж санаа амар ца­гаалах цаг ирэх нь. 

Ж.Баттуул

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж