Таван нам санамж бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Таван нам санамж бичигт гарын үсэг зурав

МАХН,  МҮАН, БНН, МЛН, МоАХН-ууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг ажиллагаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МЛН-ын дарга Л.Алтанчимэг, МоАХН-ын дарга Т.Оюунаа болон бусад нам, эвсэл, хөдөлгөөний 50 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Санамж бичигтээ “Монголын нийгэмд нэн шаардлагатай байгаа шударга ёсыг тогтоож, Монгол хүн ажлын байртай, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай, цалин тэтгэвэрээр барьцаалсан өрийн дарамтгүй, үндэсний хэмжээний ордууддаа Монгол улс эзэн сууж, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүдтэй, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан үзэл санааг дээдлэж, шударга ёсыг тогтоон МАНАН-гүй Монголын төлөө үйл ажиллагаа явуулна” хэмээн тусгажээ.

Санамж бичиг гарын үсэг зурсны дараа намын удирдлагууд эв нэгдлийн сум багцлах ёслолыг үйлдлээ. Тэд “Монголын нууц товчоонд Алунгоо эх өөрийн таван хөвгүүндээ та бүхэн нэг сум мэт ганцаар явбал бусдад хялбар дийлдэнэ. Харин багцалсан сум шиг байж, эв нэгдэлтэй байх аваас хэнд ч үл дийлдэнэ хэмээсэн домогтой. Үүний нэгэн адилаар өнөөдөр энд цугласан таван хүчин болох МАХН, МҮАН, БНН, МЛН, МоАХН-ын удирдлагууд бид ганц ганцаараа явбаас төрийн толгойд сандайлж, улс үндэстнээ доройтуулж буй МАНАН-г сарниаж дийлэхгүй. Харин бид тав багцалсан сум мэт нэгдэж, нийтийн хүчийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадваас ирэх сонгуулиар ялалт байгуулж, олгиархиудын савраас эх орноо аварч чадна” гэлээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж