М.Зоригт: АН ялж болох хамгийн бололцоотой цаг үедээ ирчихээд байгаа

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

М.Зоригт: АН ялж болох хамгийн бололцоотой цаг үедээ ирчихээд байгаа

МоАХ-ны дэд дарга, УИХ-ын гишүүн асан М.Зоригттой ярилц­­лаа.

-Та одоо нэгдээд байгаа Иргэ­ний зориг Ногоон  намын гишүүн мөн үү?

-Иргэний зориг Ногоон намыг байгуулах их хурлын шийдвэр нь Дээд шүүх дээр уначихсан учир хуучин Иргэний зориг нам одоо хэвээрээ байгаа гэж нэг талаас ойлгож болох юм. Сая Иргэний зориг Ногоон намын их хурал болсон. Хоёр нам нэгдлээ гээд өргөдлөө өгөхөд нь Дээд шүүх тэрийг нь ёсчлоогүй. Тэгэхээр Иргэний зориг нам хуучнаараа байгаа гэсэн үг. Тэр хоёр нам нэгдээд их хурал хийлээ гээд 500 хүн оролцсон. Гэвч Дээд шүүхийн хүлээж авсны дараа л албан ёсных болно л доо. Тэгэхдээ тэрийг нь хүлээж авах магадлал их сул. Яагаад гэвэл Иргэний зориг ногоон намын асуудлаар Ногоон намын­хан чинь аль дээр шүүхэд ханд­чихсан байгаа. Тэгэхээр миний итгэл үнэмшил хуучин Иргэний зориг намын гишүүн хэвээрээ байгаа байхгүй юу. Яагаад гэвэл сая Иргэний зориг Ногоон намын  их  хурал яаж болсон гэхээр  Иргэ­ний зориг намын 200 орчим ги­шүүн, дээр нь Д.Энхбатын дагуулж орж ирсэн 200 орчим,  Бум-Ялагчийн дагуулж орж ирсэн гишүүд гээд хүмүүс цуглуулаад тэрийгээ Иргэ­ний зориг Ногоон намын хурал гээд байгаа юм. Хуучин Иргэний зориг намын хурал яаж болдог байсан  гэхээр Үндэсний  хороо­ноосоо товоо зарлаж, анхан шат­ны хорооддоо зар хүргүүлнэ. Ан­хан шатны намын хороод нь ху­рал­даад намынхаа их хурлын төлөөлөгчдийг сонгоно. Одоо хү­чин­тэй байгаа Иргэний зориг на­мын дүрмээр тэгж их хурлаа хийх ёстой. Сая болсон хурал намын их хурал гэх нэртэй боловч үндсэндээ намын дүрмийн бус хурал. Үүнийг намын их хурал гэж болохгүй юм. Намын дүрмийн өөрчлөлт гэдэг нь өөрөө хүчинтэй биш. Тэгэхээр тэр хурлаас сонгогдож байгаа хүмүүс нь ч дүрмийн биш болж байгаа юм. Тиймээс сая болж өнгөрсөн намын их хурлыг би хүлээн зөвшөөрөхгүй. Надаас гадна Иргэний зориг на­мын маш олон гишүүн Иргэний зориг Ногоон нам нэртэй болсонд дургүйцэж байна. Өөрсдийнх нь мэд­дэг байсан цагаан туг далбаа нь өөрчлөгдөж ногоон өнгөтэй болоод бараг Талибаны туг шиг болсон байна лээ. Гурван даргатай болс­ныг зөвшөөрөхгүй байгаа  жирийн гишүүд маш их байгаа. 

-Та Иргэний зориг намыг Но­гоон намтай нэгдэх тухай асууд­лыг анх яаж хүлээж авч байв?

-Би өнөөдрийг хүртэл Иргэний зориг намыг Ногоон намтай нэг­дэхийн эсрэг явж байсан. Ийм процесс болсонд гомдсон, дур­гүйцсэн хүмүүс  надтай  ирж уул­заад байгаа. Магадгүй С.Оюун руу ч юм уу,  нөгөө хэд дээр очихгүй байгаа байх, тэр хүмүүс. Угаасаа хүлээж авахгүй учраас.

-Та яагаад чимээ алдарч  усанд хаясан чулуу шиг алга болов?

-Би сүүлийн гурав, дөрвөн жил улс төрөөс хол байсан. Ерөөсөө ИЗН Ногоон намтай нэгдэх үйл ажиллагаа эхэлсэн цагаас эхлээд би дэмжээгүй. Би С.Оюуныг хүн­дэл­дэг хэвээрээ. Гэхдээ Д.Энхба­тын ард Бум-Ялагч гараад ирсэн шиг С.Оюуны  ард Зоригт нь Бум-Ялагч болохыг хүсээгүй байхгүй юу. Энэ хоёр намын нэгдэл буруу. Хэдийгээр нэгдэл нягтрал байх ёстой ч өнөөдөр Монголын ардчи­лал маш  эмзэг байгаа байхгүй юу. Улс төрийн хүрээнд бүх эрх чөлөө нь бий болсон ч эдийн засгаа баталгаажуулж өгөөгүй. Хоосон хонож байгаа хүмүүст мянга эрх чөлөө өгөөд тэр нь ходоодонд нь хоол болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ эмзэг байгаа ардчиллаа цааш  нь алга болгочихгүйн тулд эдийн засгаа хөгжүүлэх, хүн амын орло­гыг нэмэгдүүлэх, ажлын байр нэ­мэг­дүүлэх зэргийг орхигдуулаад байгаа учраас ардчилал тогтсон хатуу байр сууриа  эзлээгүй байна.

Одоо бүх юм ингээд болчихлоо, олон намтай болчихлоо. Олон ургальч үзлээр  ярьдаг болчихлоо гээд явах биш,  харин ч  ардчиллаа бэхжүүлэхийн төлөө явах ёстой. Тиймээс энэ нэгдлийг би эсэр­гүүцсэн. Тэгээд үүнийгээ цаасан дээр буулгаад Оюун даргад үзүүл­тэл “Наадахаа хол бөгөөд далд хий. Чиний наад байр суурь чинь буруу байна. Нам дээр чи угаасаа цөөнх болсон юм чинь одоо энэ хийж байгаа зүйлд битгий садаа бол” л гэсэн. Тэгээд л би үндсэндээ гурав, дөрвөн жил хэвлэл мэдээл­лээс хол, сэтүүлчдээс зугтаагаад л явж байсан. Нэг удаа зурагтаар гараагүй, нэг удаа сэтгүүлчтэй уулзаагүй зөвхөн бизнесээ хий­гээд л гэр ажил, ажил гэр гээд л явж байлаа.

-Чимээгүй алга болсон хүн яагаад ил гарах болов?

-Иргэний зориг намын түүхэнд хэзээ ч байгаагүй их хурлыг хийж чадаж байна гэдэг чинь энэ намын нөгөө шударга байх зарчим, ард­чилалтай байх зарчмуудыг  эвдээд  явчихаж байгаа юм. Тиймээс ил гарч хэлэхгүй бол болохгүй бай­лаа. Хэзээ ч энэ намын түүхэнд ийм хурал болж байгаагүй. Ядуу, жижиг нам байсан нь үнэн. Гэсэн хэдий ч бүгдийг  дүрэм журмаар нь хийгээд сурчихсан цэгцтэй нам байсан. Сүүлийн их хурлыг харж байхад тэр зарчмыг алдагдуулсан байна.  Но­гоон намтай заавал нэгдэх гэсэн улайрал цаад зорилгыг нь би үнэхээр сайн мэдэхгүй байна. Ямар ч эрүүл хүн харсан саяын Иргэний зориг Ногоон намын их хурал хийгээд гурван даргатай болсон нь сонгууль руу хандсан нэр хүндээ дээшлүүлэх гэсэн алхам гэж харагдахгүй байгаа. Харин ч сонгуулийн өмнө нэр, туг, далбаа,   дүрмээ өөрчилж солино гэдэг чинь өөрөө том эрсдэл  авчирч байгаа юм. Тэгээд одоо гурван даргынх нь ярьж буй зүйл бүгд зөрүүтэй бай­гааг харж байна. Өчигдөр Д.Энхбат дарга нь зурагтаар “С.Дэмбэрэл дарга бол олон мянган гишүү­дээсээ хандив цуглуулах үндсэн үүрэгтэй гээд ярьж байхад Дэм­бэрэл нь болохоор “Би бол улс орны эдийн засгийн концепц гаргаж өгөх ёстой хүн гэж ярьж байх жишээтэй.

Эсвэл С.Оюун дарга “Манай нам Монголд байгаа бүх намууд дотор хамгийн барууны үзэлтэй  нам” гэж хэлчихэнгүүт Энхбат нь “Оюун буруу ярьж байна. Манайх бол төв үзэлтэй нам байхгүй юу” гэх юм. Сонгогдсон гээд байгаа гурван дарга нь гурван өөр юм яриад  явж байна гэдэг чинь үзэл санааны нэгдэл биш гэдэг нь харагдаад байна. Наад зах нь гурван дарга нь ажил үүргээ хуваарилаад ян тан тохирчихсон байх ёстой шүү дээ. Жишээ нь “За С.Дэмбэрэл ээ, чи мөнгөө хураа” гээд хэлэх ёстой. Хэрвээ ярилцаж тохирсон байсан бол С.Дэмбэрэл “Би мөнгө хураа­даг хүн биш ээ. Би өөр ажилтай хүн” гэж хэлэхгүй байхгүй юу. Наад захын ажил үүргийн хуваариа тохирсон юм ерөөсөө байхгүй байна гэдэг өөр зорилго бүхий механик нэгдэл өөр зүйл л яваад байгаа юм. Намын их хурал зохион байгуулсан тэр үйл явц нь өөрөө манай намын зарчимд огт байхгүй. Тэгэхээр энэ бол лавтай Оюуны тоглолт биш, лавтай Иргэний зориг намын суурь гишүүдийн бодлого биш. Энэ бол Иргэний зориг намд хөндлөнгөөс бүдүүлгээр орж ирсэн өөр санаа бодол, өөр зохион байгуулалт л яваад байна гэж харж байна.

-Яг хаанаас зохион байгуулж байна гэж?

-Ардчилсан нам энэ сонгуульд ялах хамгийн бололцоотой цаг мөчид ирчихсэн байгаа. Энд ямар нэгэн байдлаар садаа хийх гэсэн, саналыг нь хуваах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа яваад байна гэж харж байгаа. Тиймээс энэ бол Иргэний зориг намаас гарч ирээд цааш явж бай­гаа зүйл биш. Гаднаас хаясан чулуу. Энийг ганц би биш маш олон гишүүн хэлж байгаа. Бид зохион байгуулалттай хэлбэрт орох ёстой. Бид уулзах ёстой. Бид мэдэгдэл хийх ёстой гэж тэд хэлцгээдэг. Тэр  буруу болчихсон зүйлийг зөв бол­гох гэж засч залруулах нь хэний үүрэг юм. Энэ бол намын дарга С.Оюуны л үүрэг гэж би хувьдаа ойлгоод байгаа. Магадгүй надтай ижил төстэй бодолтой байгаа ги­шүүд бүгдээрээ цуглаад Оюун даргад захиа бичих ёстой юм уу? “Энийгээ буцааж эмхлээч ээ” гэдэг ч юм уу. Аль эсвэл Иргэний зориг намын дэргэд Хяналтын хороо гэж байдаг. Тэрүүгээр оруулах уу. Сая болж өнгөрсөн намын их хурлынх нь 500 төлөөлөгчийн 100-г нь Сонгинохайрхан дүүргээс, Баян­зүрх дүүргээс гучхан хүн оруулсан байх жишээний. Энэ л гэхэд буруу болсон гэдгийг нотлоод  өгч байгаа биз дээ. Уг нь яг л адилхан байх ёстой. Хөдөө орон нутгаас 100 хүн төлөөлөгч болсон байна лээ. Гэтэл тавь нь Энхбатынх байх жишээний. Орон нутагт манай нам маш олон намын хороодтой. Гэтэл хөдөө­нөөс ирсэн гэх зуун төлөөлөгчийн тавь нь хотынх байсан  байгаа юм.  Иргэний зориг Ногоон нам гэдгийн дэд дарга Зоригт гэдэг хүн телеви­зээр ярилцлага өгч байгааг харсан. Дээрээс бид нар намын их хуралд 500 гишүүн оруулах бодлоготой байсан гэж байгаа юм. Иргэний зориг намд гарч ирж байгаа бас нэг буруу зүйл энэ. Өмнө нь олонхио­роо шийддэг байсан бол одоо дээрээс тэг гэдэг болсон байна шүү дээ. Дүрэм журмаараа намын хороод нь хуралддаг. Тэндээсээ төлөөлөгч нь сонгогддог байсан. Одоо анх удаа “дээрээс” гэдэг нэр томьёо Иргэний зориг намын хэрэглээнд орж ирж байна. Тэгэн­гүүтээ нөгөө Зоригт нь “Манай намын олон гишүүн энэ их хуралд анхааралтай хандаж дуу холойгоо хүргэе гэж байсан учраас тэр өдөр ирсэн  дөчин хоёр гишүүнийг нэмж оруулсан гэх юм.  Ямар ч мандатгүй явж байсан хүмүүсийг их хурлын төлөөлөгч болгоод мандат өргүү­лээд энэ нам  хэдэн даргатай  байх  гэх мэт намын хувь заяа ямар байхыг гудамжинд  явж байсан 42 хүнийг оруулаад л шийдүүлчихэж байгаа байхгүй юу. Ганцхан Зоригт даргын яриаг үндэслээд л энэ бол дүрмийн бус их хурал аа гээд шууд хэлчихэж болж байгаа юм. Тэгээд оруулж ирсэн 42 хүний гуч нь Энхбатын хүн болж хувирсан. 12 нь хуучин Иргэний зориг намынх гэсэн. Намын зохион байгуулалт хийсэн хүмүүсийн хэлж байгаа, ярьж байгаа зэргээс харахад энэ бол Иргэний зориг намын хурал биш юм байна. Энэ нам руу хаясан чулуу юм байна. Хаясан чулуу бол зорилгодоо хүрсэн юм байна. Гэхдээ Иргэний зориг Ногоон намыг  Дээд шүүх бүртгэхгүй бу­цааж байсан түүх бий шүү дээ. Тэгэхээр Иргэний зориг Ногоон  намын их хурал нь биш байсан юм байна. Энэ гэрээ нь худлаа. Гурван даргатай биш, нэг даргатай юм байна. Энэ  ИЗН чинь нэг даргатай. Тэр нь Оюун дарга юм байна гэж хэлээд өгөх байх. Иргэний зориг намын өнгөрсөн арав, хорин жи­лийн түүхийг харахад ёс журмаа­раа, дэг жаягтай, зөв нам байсан. Ямар ч сонгуульд орохдоо бид яг тэр үзэл санаа зарчмаараа орж байсан. Иргэний зориг намаас нэг хүн, нэг ч нэр дэвшигч мөнгө тарааж үзээгүй. Асуудлаа шийдэхдээ С.Оюун нь ч юм уу, М.Зоригт нь ч юм уу дангаараа шийдэж байсан зүйл нэг удаа байхгүй. Заавал хурлаар оруулдаг, заавал прото­колддог заавал Хяналтын хороо­ныхон сууж байдаг. Хурал болгоны шийдвэр тогтоол нь байж байдаг. Хяналтын хорооны тогтоол нь байж байдаг.  Хамгийн эмх цэгцтэй зөв нам зөв төлөвшлөөр явж байс­ныг эвдээд хаячихаж байгаа юм.

-Одоо энэ асуудлаас яаж гарах юм?

-Оюун даргад л хандах ёстой. Ухаарч ойлгох болов уу гэж найдаж байгаа. Оюун дарга хуучин Иргэ­ний зориг намынхаа улс төрийн зөвлөлийг хуралдуулах хэрэгтэй. Эндээсээ Үндэсний хороогоо ху­рал­дуул. Үндэсний хорооноосоо намынхаа их хурлаа ном журмын дагуу хийх хэрэгтэй. Тэр их хурал нь ном журмаараа цуглаад дахиад энэ асуудлыг хэлэлцье л дээ. Олонхи болоод шийдэгдвэл бүх юм ок. Үгүй бол хуучнаараа явъя. Д.Энхбат, С.Дэмбэрэл гээд ороод ирсэн гишүүдийг нь Баянгол дүүрэг ч юм уу, дэвшихийг хүсч байгаа газраас нь УИХ-д  дэвшүүлбэл тэр л биз. Тэгэхдээ бүх л юм ном журмаараа л явах ёстой. С.Оюун дарга үүнийг хиймээр байна. Түү­нээс бус заавал босогчид гарч ирээд хийх хэрэг биш. Дээр нь Иргэний зориг намын хяналтын хороонд бид хандах хэрэгтэй.

-Дахиж зөв шударгаараа ху­ралдлаа ч гэсэн сонгуульд дан­гаараа орвол ИЗН дахиад л Ардчилсан намын саналаас зул­гаана. Тэгэхээр эвсэж ч юмуу, нэгдэж орох боломж байхгүй юу?

-Иргэний зориг нам 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намтайгаа хамт орно оо гэсэн цагаан дээр хараар бичсэн баримт бий. Бид Ерөнхийлөгчийн сон­гуульд хамтарч орно. Орон нутгийн сон­гуульд хамтарч орно. УИХ-ын сонгуульд хамтарч орно гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд хам­тарч ороод ялалтаа байгуулсан. Орон нутгийн сонгуульд хамтарч явсан. Олон газар ялсан. Одоо 2012 оныхоо УИХ-ын сонгуульд хамтарч орж ярьж тохирсноо  гүй­цэлдүүлэх үлдчихээд байна. Иргэ­ний зориг намтай сонгуульд хамт орох Ардчилсан намын ч байр суурь хэвэндээ байгаа  шүү дээ. Тэр үеийн тохиролцоо өнөөдрийг хүр­тэл хэвээрээ байгаа. Энэ бол Ир­гэний зориг намынхны өөрсдийн­хөө хүслээр хийсэн зүйл. Өнөөдөр тэрэндээ тууштай байна гэж итгэж байгаа.

-Зарим нь гуравдагч хүчний орон зай гэж ирээд л ярих юм байна шүү дээ…

-Иргэний зориг нам Ардчилсан намтай нэгдэх тухай ярьж л байсан. АН-ынхан юу гэж хэлдэг байсан гэхээр “Та нар байгаа учраас энэ орон зайн дээр байх хэрэгтэй. Манай нам дотор  ч тийм хүмүүс их байсан. Бид нар ч тэрэндээ итгээд яваад байсан. Одоо эргээд хара­хад Монголд ардчилал бий болоод  хорь гаруй жил болчихлоо. Гурав­дагч хүчин хэрэгтэй байсан бол энэ хугацаанд болчих л байсан. Өнөө­дөр Монголд бодитой гуравдагч хүчин байхгүй л байгаа биз дээ. Ардын нам өнөөдөр их хүчтэй байгаа. Ардчилсан нам хэдий өнөөдөр болоод бүтээд байгаа юм шиг боловч хэврэг эмзэг байгаа. Тиймээс Ардчилсан нам дээрээ төвлөрч ардчиллын төлөөх намууд хүчээ нэгтэн зузаатгаж Ардын намд хүчтэй өрсөлдөгч, тэр байтугай өнөөдөр бүр ялж байж тэр нь ардчиллын баталгаажилт болж байх ётсой. Тиймээс Ардчилсан нам дээрээ нэгдэж ялалт байгуу­лахын тулд хамтрах хэрэгтэй. Эвсэнэ үү, нэгдэнэ үү хамаа алга. Гол нь тэр байр суурин дээрээ л байх, одоо ч гэсэн бат зогсох хэрэгтэй.

-Таныг Монголын ардчилсан холбооны дэд дарга болсон гэж сонссон?

-Би МоАХ-ны анхны гишүүн. Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр  гараа өргөөд тайзан дээр нь очиж  нэрээ бичүүлж байсан анхны гишүүдийн нэг нь би. Дараа нь Дуурийн театрын хажууд Ардчил­сан холбооны нэг цуглаан дээр би олны өмнө гараад Ардчилсан холбооноос гарч байна гэдгээ албан ёсоор зарлаад дугуй тэмдгээ авч хажуугийн нөхөртөө өгчихөөд гарсан. “Өнөөдөр би ганцаараа Ардчилсан холбооны гишүүн байс­наас олон мянган гишүүнийг дагуу­лаад ирнэ” гэж ам бардам дууга­раад гарсан. Ердөө арваадхан хоногийн дараа бид нар Монго­лын оюутны холбоо гээд Эвлэлийн төв хорооны дэргэд байсан үзэл сур­талжсан байгууллагын Онц бүгд хурлыг хуралдуулаад тэндээс бие даалгах шийдвэр гаргуулаад Мон­го­лын оюутны холбоо гэж бие даасан байгууллага байгуулж хуралдуулаад талбай дээр бид олон мянгуулаа гарч ирсэн.

-Тэгээд олон мянгуулаа болж ирэхдээ МоАХ-доо буцаж орсон уу?

-Тэгээд би чинь Монголын оюут­ны холбооны Ерөнхийлөгч болчих­гүй юу. Монголын оюутны холбоо  Монголын ардчилсан холбоотой  мөр зэрэгцэн хамт тэмцэж явсан. Тэгээд л  явчихсан болохоос тэр­нээс Ардчилсан холбооны парти­зануудын л нэг. Ер нь хаана ч гүйгээд очсон аль ч аймагт парти­занууд намайг манай МоАХ-ны хүн гэдэг. Партизанууд бол партизан л байдаг. Тийм учраас би МоАХ-ны  хүн. Нөгөө талаас  МоАХ дахин гарч ирж түүхэн үүргээ гүйцэтгэх ёстой. Түрүүнд хэлсэн ардчилал эмзэг байна гэж. Хорин хэдэн жилийн дараа партизанууд дахин хүчээ аваад гарч ирмээр байгаа байхгүй юу.

-Монголын Ардчилсан хол­боо бол Ардчилсан намын албан ёсны фракц. Гэтэл та Иргэний зориг намын гишүүн атал яагаад МоАХ-ны дэд дарга болчихсон  юм бэ?

-МоАХ-нд маш олон намын гишүүн байдаг. Миний санахаар МАН-аас ч байдаг, Иргэний зориг намаас гэхэд манай Ганхүү, Ганбат нар байна. МоАХ доторх Ардчил­сан намын гишүүд нам дотроо зохион байгуулалтад орж фракц болж  болно шүү дээ.  Тэрнээс биш  АН-ын хурлын дундуур ороод уулзаад байна гэж байхгүй  шүү дээ. Ардчилсан холбооны Ардчилсан нам дахь гишүүд зохион байгуу­лалтад орсон гэж ойлгож бас болно.  

-Удахгүй МоАХ-ны их хурал болно. Хурлаар юу хэлэлцэх юм?

-МоАХ-ны гишүүний хувьд, МоАХ-ны дэд даргын хувьд зохион байгуулах ажлыг хийлцээд л явж байна. Өнөөдөр сонгуулийн өмнө гэж ярихаасаа илүү өнөөдрийн Монгол оронд болж байгаа улс төр,  нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг МоАХ цуглаж ярихгүй бол болохгүй болчихлоо. Өнөөдөр Монголын ардчилсан холбоо энэ цаг мөчид улс орныхоо төлөө юу хийх ёстойгоо тодорхойлох цаг  болчихлоо. Хот, хөдөөгийн 3500 төлөөлөгч ирнэ. МоАХ Монгол Улсын бүх анхан шатны нэгжид өөрийн бүтэцтэй байгууллага. Сум, баг, дүүрэг, хороон дээр ч байж байдаг. Тэр өнцөг булан бүрээс ирж байгаа хүмүүс санаа бодлоо ярих хэрэгтэй. Нэг нөхөр телевизээр Улаанбаатарт утаа байхгүй гэж яриад байна. Тэгвэл МоАХ-ны нэг төлөөлөгч тэр нь үнэн эсэхийг хэлье л дээ. Хонгор сум хортой, хоргүй гээд л яриад байна. Тэндээс Ардчилсан холбооны нэг гишүүн ирж үгээ хэлэг л дээ. Тэр үед нэг их  сайн зүйл хэлэхгүй гэдгийг угаасаа мэдэж байна. Байдал хэцүү байгаа. Аль тэртээ 20 жилийн өмнө Ард­чилсан холбооны хурал дээр Баа­бар “Хаан нүцгэн байна” гэдэг илтгэл тавьж байсан. Өнөөдөр дахиад Баабараар “Хаан нүцгэн байна” гэдэг илтгэлийг тавиулъя л даа. МоАХ цуглаж энэ байдалд  үнэлэлт дүгнэлт өгье, Хаан нүцгэн байна гэдгийг МоАХ хэлэхгүй бол хэн хэлэх юм. Өнөөдөр МоАХ  өөрийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой цаг нь ирчихсэн юм болов уу. Монголын топ олигархиуд нь “хаан нүцгэн байна” гэсэн лоозон барь­чихсан гудамж талбайгаар алхаад,  хөдөө хотгүй хүн ардын толгойг эргүүлээд явж байна. Тэд зөвхөн сонгууль угтсан улс төр хийж байна. Тиймээс МоАХ цуглаж байгаа нь цагаа олсон. 

-Олигархи гэж хэнийг хэлээд байгаа юм. Та бүхэн ч томоохон бизнесмэнүүд мөртлөө улс төр рүү зүтгээд байгаа нь тэр хэлээд байгаа олигархи шигээ биш гэж үү?

-Улс төр бизнесийг холбож тэр дундаас ашиг хонжоо гаргаж бай­гаа хүмүүсийг л олигархи гээд байгаа юм. Бидний хувьд бол алтан зарчимтай. Бизнес тусдаа, нийгэм рүү хандсан байр суурь, хувь хү­ний үзэл бодол тусдаа асуудал. Жишээ нь  дээр үед манай банкны захирал хийж байсан Цагаан гуай Сангийн сайд болж байлаа. Бид тэр үед Сангийн яаманд нэг компьютер ч зарж үзээгүй. Болд ах Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хэдэн жил ажиллахдаа нэг ч лиценз аваагүй. Батлан хамгаала­хын сайд байхдаа ч яамандаа нэг үзэг шахаж байсангүй. Нэг лиценз аваад л гэнэт хөрөнгөжсөн хүмүү­сийн хандлага өөр байдаг. Харин бидний хувьд хэзээ ч тэгж бай­гаагүй гэж бардам хэлнэ.  Хэдийгээр улс төрд байлаа ч улс төрийг дагасан бизнес нэг удаа ч хий­гээгүй. Би улс төр рүү орж байгаа учир шалтгаанаа ардчиллаа бэх­жүү­лэхийн төлөө хүчээ зориулах ёстой гэж үзэж орж байгаа. Үр хүүхдэдээ гайгүй сайхан улс орон үлдээмээр байна шүү дээ.

Д.Мөнгөндалай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж