Германы Ерөнхийлөгч авлигын хэргээр огцорчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Германы Ерөнхийлөгч авлигын хэргээр огцорчээ

Авилгатай холбоотой дуулианд нэр холбогдсон Германы Ерөнхийлөгч Кристиан Вулф огцрох болсноо мэдэгджээ. Канцлер Ангела Меркелийн хамтрагч Кристиан Вулфийг орон сууцны зээл олгогчдоос авилга авсан хэрэгт холбогдоход прокурорууд түүнээс албан тушаалаа өгөхийг уриалсан гэнэ. 52 настай Вулф өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа аж. Евро бүсийн хямралыг арилгах асуудлаар Италид айлчлах гэж байсан Канцлер Ангела Меркел дээрх мэдэгдлийн дараа айлчлалаа цуцалжээ. Европын холбооны орнуудад халдварлаж буй өрийн хямралыг Германы хэвлэлүүд дайны дараах үеэс илүү ноцтой гэж бичиж байгаа юм. Ангела Меркел Ерөнхийлөгчийн огцрох мэдэгдлийг хүндэтгэхийн зэрэгцээ ийм явдал болсонд харамсч буйгаа илэрхийлжээ. Ангела Меркел төвийн барууны үзэл баримтлалт Христийн ардчилсан намын Кристиан Вулфыг ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхэд  хамгийн их дэмжиж байсан юм. Кристиан Вулф ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Германы Ерөнхийлөгч авилгын хэрэгт холбогдсон нь рейтинг өндөр байгаа Канцлерын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аж. Нөгөө талаар шинэ ерөнхийлөгч томилох асуудал Евро бүсийн хямралыг арилгахаар хичээж буй энэ үетэй давхцаж байгаа юм.  Германы улс төрийн намууд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хайж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Христийн социал намын Хорст Зеехофер Ерөнхийлөгчийн албыг түр хаших гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж