Үр хөндөлтийг яаж бууруулах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.02.23-нд нийтлэгдсэн

Үр хөндөлтийг яаж бууруулах вэ?

Өнөөдөр сонин сүүлийн хэдэн сар үр хөндөлтийн тухай эрүүл мэндийн
байгууллагын удирдах ажилтан, эмч, мэрэгжилтэн, засгийн газрын гишүүд,
парламэнтийн гишүүд гээд олон хүн хамарсан санал солилцох яриа
хэлэцүүлэг өрнүүлж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн долоо хоногт олны
танил хүндэлж явдаг зохиолчдын нэг Л. Түдэв гуай мөн энэ асуудлаар уг
сонин ярилцлага өгчээ.

Үр хөндөлт нөхөн үржихүй гэдэг хүн
болгон санал нийлдэггүй ярвигтай асуудал. Нэг талаасаа эмэгтэй хүний
эрх, нөгөө талаас үр хөврөлийн эрх ашиг, хүний амь насны хэрэг болчихоод
байдаг. Дээрх хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн санаа бодлыг сонсоод
байвал хориглох, хязгаарлах нь зөв гэсэн үзэл бодол дийлээд байх шиг.
Санаа нь хэрвээ үр хөндөлт хориотой байсан бол монголын хүн ам өдийд 4
сая хүрэх байсан, үр хөндөлт чөлөөтэй байгаа учраас хүн ам дорвитой
өсөхгүй байна, цаашлаад хорих хэрэгтэй гэсэн үзэл цухалзаад байх шиг.
Миний бодлоор энэ арай өрөөсгөл дүгнэлт шиг санагдаад байгаа юм.
Нэгдүгээрт, үр хөндөлтийг хүн амын өсөлттэй шууд хамааруултай гэж үзэх
буруу, хоёрдугаарт, хэрэгцээ нь байгаа учраас үр хөндөлт хийдэг эмнэлэг
олширсон, нэгэнт хэрэгцээ байгаа учраас хориглоод асуудал шийдэгдэхгүй
ээ. Хууль бусаар үр хөндөөд эхэлнэ, тэр хэмжээгээрээ бүр олон хүн эрүүл
мэндээрээ хохирно. Үгүй дээ боломжтой нэг нь хятад уруу явчихна биз дээ.

Үр
хөндөлт гэдэг тийм сайхан хүн дурлаад байх зүйл биш. Энэ талаар гүн
ухаантан, шашин, төрийн зүтгэлтнүүд хангалттай маргаад нэг тийш шийдэж
чадаагүй байгаа нь нууц биш. Үр хөндөлтийг хуулиар хориглосон улсуудад
ялангуяа ядуу дорой африкийн орнуудад гэр орондоо, эмнэлэгийн бус аргаар
үр хөндөлт хийж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүдийн тоо
өндөр байдаг нь хориглоод асуудал шийдэгдэхгүй гэдгийг бэлэхнээ
харуулаад байгаа юм.

Манайд ерээд он хүртэл үр хөндөлт
хориотой байсан хэдий ч энэ бас тийм ховор үзэгдэл байгаагүй шүү дээ.
Жирэмслэлт зогсоох найдвартай аргуудын тухай нэг их нууж хаалгүй
ярьцгаадаг л байсан, одоо ч үр хөндөлтийг нэг их сүртэй юм биш гэж үздэг
нь нууц биш. Харин бид энэ асуудалд арай прагматик хандаж, Хойд Америк,
Европтын орнуудын жишээгээр урдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь илүү
үр дүн өгнө гэж хувьдаа бодоод байгаа юм. Дэлхийн хэмжээгээр нөхөн
үржихүйн талаар сургуульд бага ангиас нь эхэлж заасан орнуудад
(Скандинав, Умард Европын орнууд) хүсээгүй/төлөвлөөгүй жирэмслэлт, үр
хөндөлтийн тоо цөөн байдаг нь мэдлэг хэр чухлыг харуулж байгаа хэрэг.
Хүүхэд тээх насны насны эмэгтэй эмчид үзүүлэхэд жирэмсэнээс сэргийлэх
ямар арга хэрэглэдэг вэ гэж заавал асуугаад энэ талаар зөвлөгөө өгдөг
бөгөөд жирэмсэнээс сэргийлэх эм, хэрэгсэл үнэгүй олгодог. Ийм үйлчилгээ
хүн бүрт хүрч чадвал хориглосон хориглоогүй үр хөндөлтийн хэрэгцээ
буурна, тэр хэмжээгээрээ эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сайжирна. Тоо чанарын
талаар бас бодох л хэрэгтэй. Манайд эмэгтэйчүүдийн жирэмсэлээс
сэргийлэх гол арга нь үр хөндөлт болчихоод байгаа нь худлаа биш. Энэ тал
дээр эмч, эмнэлгийн ажилтан нар санаа тавьж ажилламаар харагддаг. Үнэн
зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх тал дээр тааруу, эмчтэй ганцаарчилж уулзах
боломж ховор (нэг өрөөнд таних танихгүй олон хүн шавчихсан байдаг).
"Жирэмсэн юм уу, яах гэсэн юм, авахуулах юм уу?" гэж хамгийн түрүүнд
асуудаг нь гажуудлыг бэлэхнээ гэрчилж байгаа биш гэж үү.

Магад
ингэлээ гээд хүн амын өсөлтийн асуудал шийдэгдэхгүй шүү дээ гэж маргах
нэгэн гарах байх л даа. Энд гэр бүл хэдэн хүүхэдтэй байх нь эдийн
засгийн байдалтай шууд хамааралтай гэчихвэл нэг их алдаа болохгүй биз.
Өнгөрсөн нийгмийн үед эдийн засгийн хувьд ирээдүй ямар нэг хэмжээгээр
баталгаатай байсан нь хүн амын өсөлтөнд таатай нөлөөлсөн. Сургууль
цэцэрлэг, эмнэлгийн туслалцаа, дээд сургуульд хамрагдахад мөнгөний
хэрэгцээ байсангүй ээ. Хүүхэд гаргаад эргээд ажилдаа орох баталгаа
байсан учраас хүүхэд гаргахад цааргалаад байх зүйл байсангүй. Харин
ерээд онд төрөлт буурсан нь ирээдүйн баталгаа байхгүй, мөнгөөр бүх юм
хэмжигдэх болсонтой холбоотой. Сүүлийн хэдэн жил харин эдийн засгийн
өсөлттэй уялдаад төрөлт нэмэгдэж байгаа шүү дээ. Үүнтэй холбоод нэг
жишээ татъя. Их Британий хөдөлмөрийн нам арваад жилийн өмнө хүүхдийн
ядуурал бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн
хүрээнд хүүхэдтэй гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлж, орлого багатай бол
цэцэлэрлэгийн төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс даах гэх мэт хүүхдийг
дэмжих олон арга хэмжээ авсан юм. Хэдий энэ бодлого төрөлт нэмэгдүүлэх
зорилт тавиагүй ч өнгөрсөн хүн амын тооллогоор нэг эмэгтэйд ноогдох
хүүхдийн тоо эрс өссөн гэдэг. Ингэхээр хүн амын өсөлтийн хөшүүрэг эдийн
засгийн баталгаатай байдал гэж харагдаад байгаа биз?

Амьдралын
төвшин дээшилж, ирээдүй баталгаатай болохын цагт хүүхдүүдээ тойруулан
суулгаад жаргаж суух нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл биш гэж үү? Тэрнээс
өдөр хоногоо аргацааж, маргааш юу болохоо мэдэхгүй байхад олон хүүхэд
гарга гэж шаардах утгагүй. Төрөх эмнэлэгт ор байхгүй, цэцэрлэг,
сургуулийн багтаамж хэтэрчихсэн гэсэн хэрүүл яваад л байдаг, хүн амаа
өсгөе гэж байгаа бол хүүхэд амьдрах, сурах таатай орчныг нь бий болгох
хэрэгтэй гэж санах юм.
PS: Түдэв гуайн
яриагаар эхэлсэн хойно "…Буруу нь юу байх вэ. Уг нь байх л ёстой юм.
Гадаадад дунд сургуулийн ахлах ангийнханд евгеникийн хичээлийг
заадаг. Хүнд байгалиас олгосон ганц үйлдвэрлэлийг яаж боловсон болгох
тухай хичээл л дээ. Энэ олон улсын хэллэгийг би угсаа зүй гэж орчуулсан,
бас л онохгүй байгаа юм. Насанд хүрсэн хүмүүсийн бэлгийн харьцааны
соёлыг заадаг хичээл оруулахыг Боловсролын сайдад ч хэлж байлаа. Гэтэл
хөтөлбөрт нь байхгүй. Оросууд нэг хэсэг эсэргүүцэж байгаад заадаг болсон
л доо. Хүн хуц, ухна шиг байж болохгүй шүү дээ, ухаантай юм бол.
Монголчууд евгеникийн соёл байхгүй. Гэтэл хүүхэд олохгүй байх маш
олон хэрэгсэл гарчихсан. Өөрийгөө хүндэтгэдэг хүүхэн бүр тэрийг мэдэж,
ашиглах хэрэгтэй шүү дээ." гэснийг уншаад гайхав. Евгеник нь "хүн амын
удмын санг селекцийн аргаар сайжруулах" онол юм шүү дээ. Сонгодог жишээ
нь фашизм… Америкчууд өнгөт арьстан, ядуу зүдүүчүүдийг хүчээр үргүй
болгох ажиллагаа явуулж байсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш харин
ийм үзэлд шүммжлэлтэй хандах болсон. Монголд ийм соёл байхгүй нь харин ч
бахархууштай хэрэг. Өнөө үед ийм онол номлодог улс байдгийг дуулаагүй
юм байна. Ярилцлага авсан сэтгүүлч тодруулж асуугаагүй нь харамсалтай.

Цаашлаад
эрэгтэй эмэгтэй хоёул байж хүүхэд олдог атал эрчүүдийн хариуцлагын
талаар нэг ч үг унагаагүй нь бас сонин. Уг нь Түдэв гуай шиг олны
хүндэтгэл хүлээсэн хүн бас л хариуцлагатай ярилцлага өгөх хэрэгтэй шүү
дээ.

http://nomiinclub.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж