“Оскар”-ын улаан хивсний ёслол болж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.27-нд нийтлэгдсэн

“Оскар”-ын улаан хивсний ёслол болж байна

Америкийн кино академийн нэр хүндтэй наадам “Оскар”-ын алдарт улаан хивсний ёслол эхэллээ. 84 дэх удаагийн “Оскар”-ын наадмыг  нэрт инээдмийн жүжигчин Билли Кристал хөтлөн явуулж байгаа аж. Тэрбээр “Оскар”-ын наадмыг найм дахь удаагаа хөтөлж, хувийн дээд амжилт тогтоож байгаа нэгэн билээ. Номхон далайн бүсийн цагаар 17:30 минутаас эхэлсэн улаан хивсний ёслолд Холливудын авьяаслаг, эрхэм хүндтэй уран бүтээлчдээс гадна “Оскар”-т бүтээл нь нэр дэвшсэн гадаадын киночид, уран бүтээлчид хүрэлцэн очжээ. Улаан хивсний ёслолын зочдоос Британийн инээдмийн жүжигчин Саша Барон Коен цэргийн дүрэмт хувцас өмсөн, хуурамч сахал тавин, хар нүдний шил зүүсэн нь онцгой анхаарал татаж байсан гэнэ. Түүнийг монгол үзэгчид “Борат” киноны хөгжилтэй эрийн дүрээр сайн мэдэх билээ. Саддам Хуссейны тухай кинонд тоглосон тэрбээр Умард Солонгосын таалал төгссөн удирдагч Ким Чен Ирын зурагтай бумба барьж, түүнийгээ их удирдагчийн чандар гэж хошигнож яваа гэнэ. Улаан хивсний ёслол болж буй Лос Анжелес хотын Кодак кино театрт энэ оны хамгийн том, сүрлэг наадам тун удахгүй эхлэх бололтой. Академийн 5,873 гишүүн өнгөрсөн мягмар гаригт “Оскар”-т нэр дэвшигчдэд сүүлчийн саналаа өгч дуусчээ. Шилдэг кино, найруулагч, жүжигчин зэрэг нийт 24 төрөлд шилдэг бүтээлүүдийг “Оскар”-т нэр дэвшүүлсэн. “Оскар”-ын шилдэг киноны  төрөлд нэр дэвшсэн “Уран бүтээлч” кино Холливудад жинхэнэ шуугиан тарьсан бөгөөд киночид ам сайтай байгаа гэнэ. Кино шүүмжлэгчид “Уран бүтээлч”-ийг  сүүлийн 83 жилд гарсан анхны дуугүй кино төдийгүй, 18 жилийн хугацаанд “Оскар”-т нэр дэвшсэн анхны хар цагаан кино болж байна. Шилдэг кинонд “Уран бүтээлч”, “Хюго”, “Дайны хүлэг”, “Moneyball, “Амьдралын мод”,”Парисын шөнө”, “Тус”, “Үр удам”, “Extremely Loud and Incredibly Close” зэрэг уран бүтээл өрсөлдөж байгаа юм. Харин уран бүтээл нь шилдэгт нэр дэвшсэн уран бүтээлчид жүжигчин Жорж Клуни, Брэд Питт, Мерил Стрийп, Мишель Уильямс, Гэри Олдман, Жан Дюжардин нар хамгийн онцгой зочдын тоонд зүй ёсоор орж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж