“Хязгаар үгүй” бүтээл “Алтан бийр” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Хязгаар үгүй” бүтээл “Алтан бийр” хүртлээ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд шинэ үеийн залуусын уран бүтээлийн давалгаа болсон нэгэн үзэсгэлэн өчигдөр үүдээ нээлээ. Энэ нь Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлээс жил бүр зохион байгуулдаг “Алтан бийр” үзэсгэлэн юм. Зургаа дахь жилтэйгээ золгож буй “Алтан бийр” үзэсгэлэнд залуу уран бүтээлчид зураасан, уран зураг, фото арт, уран баримал гэх мэт дүрслэх урлагийн төрлөөс бүрдсэн 100 гаруй уран бүтээлээ дэлгэсэн байв. Эдгээр нь Монголын дүрслэх урлагийн ертөнцөд өөр өөрийн ертөнцийг уран зураг, сийлбэрээр дэлгэн харууллаа. Нөгөөтэйгүүр, энэ үзэсгэлэн залуучуудын хүсч, тэмүүлж байгаа тэр ертөнцийг нээлттэй болгож, уран зургийн төрлөөр цаашид бүтээл туурвих тэрхүү эхлэлийг тавьдгаараа ихээхэн ач холбогдолтой. Тиймээс залуучууд идэвхтэй оролцсоныг зохион байгуулагчид ярьж байсан юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нэг уран бүтээлийг шалгаруулж, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал олгодог уламжлалтай. Энэ шагналыг СУИС-ийн оюутан П.Батбаярын “Хязгаар үгүй” нэртэй зотон зургийн бүтээл хүртлээ. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн шилдгээр график төрлийн бүтээл шалгарч байсан бол энэ удаа “Хязгаар үгүй” хэмээх монгол зураг тэргүүлж байна.

 “Алтан бийр” шагналын эзэн П.Батбаяртай цөөн хором ярилцлаа.

-“Хязгаар үгүй” бүтээлээрээ “Алтан бийр” шагнал хүртлээ. Бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-Хавтгай дээр орон зайг илэрхийлэхийг хүссэн. Орон зай хязгааргүй гэдэг санааг давхар гаргасан юм. Хамгийн гол нь, энэ бүтээлээрээ Монголын үндэснийхээ хэв шинжийг харуулъя гэж зорьсон. Харин “Алтан бийр” шагналыг санаандгүй байж байгаад авчихлаа. Их баяртай байна.

-“Алтан бийр” үзэсгэлэнд өмнө нь оролцож байв уу?

-Өнгөрсөн жил бүтээлээ өгсөн.

-Аль сургуульд сурдаг вэ?

-СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн гуравдугаар курс. Цэвэр уран зургаар суралцдаг. Энэ чиглэлээрээ уран бүтээл хийе гэж бодож байгаа. Гэхдээ цаашид өөр чиглэл рүү хөрвөх чадвартай байхын тулд сайн суралцах нь чухал байна.

Үзэсгэлэнг ЭНД дарж үзнэ үү

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж