“Алаагүй баавгайн арьс”-ыг хуваах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Алаагүй баавгайн арьс”-ыг хуваах нь зөв үү?

Нийслэлийн Ардчилсан Намын Дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-Та улсынхаа эдийн засгийн тогтвортой байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монголчуудын хамгийн гол бэрхшээл бол үйлдвэрлэл. Бидэнд үйлдвэрлэж чадах юм бараг байхгүй. Өчүүхэн бага юм үйлдвэрлэх болов ч асар их зүйл хэрэглэнэ. Энэ бол манай эдийн засгийн төрөлх өвчин. Сульдаатай хүүхэд шиг болсон манай эдийн засаг төрөлхийн үйлдвэрлэлийн хомсдол, хэрэглээний илүүдэлтэй. Чингис хааны үед ч ийм байсан гэдэг. Манжийн дарлал, социализмын үед ч ийм байсан одоо ч мөн адил энэ хэвээрээ л байна. Манай эдийн эдийн засаг анхнаасаа л дисблансын эмгэгтэй байсан юм. Чингис хааны үед булаагаад авдаг байсан бол, 1911 онд Богд Жавзундамба Хутагт тусгаар тогтнолоо зарлаж байх үед Монгол улс Хятадын пүүсүүдэд төлөх өр 11 сая орчим лан мөнгө болж байв. Энэ бол өнөөгийн ханшаар 12 тэрбум гаруй ам.доллартой тэнцэнэ. Монголчуудын хүн амын тоо тэр үед 700 мянга хүрэхгүй байв. Зөвхөн Даашинхүүгийн пүүс гэхэд монголчуудаас авах өр зээлдүүлсэн мөнгөний хүүд жил тутам 70 мянган адуу, 500 мянган хонь авч урагш тууварлана. Хошуу бүр дунджаар 100 мянган лан мөнгөний өртэй байсан бөгөөд өрх бүрт дунджаар 540 лан мөнгөний өр үүссэн байжээ. Ц.Элбэгдорж нар 90-ээд оны эхээр Кремлиэс салж тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар зарлаж байх үед 10 хол давсан тэрбум ам.долларын өрөнд Монгол улс унасан байв. Арав гаран жил үргэлжилсэн төлнө төлөхгүй, өртэй өргүй гэсэн улс төржсөн хэрүүл сүүлдээ нэг нь төлсөн болж нөгөө нь төлүүлсэн болоод дуусах тийшээ хандах шив. Нэг үгээр хэлбэл өөрийн гэсэн эдийн засгийн дотоод орчилгүй, гадны эдийн засгийн системийн хавсрага зүйл болон хувирчээ. Үүнээсээ болоод монголчууд бид ямагт төлбөрийн чадваргүйчүүдийн жагсаалтад бүртгэгднэ. Цаашид ч нилээд олон жилийг ийм байдлаар өнгөрүүлэх биз. Бид манай "эдийн засгийн" үйлдвэрлэл ба хэрэглээний хоорондын аварга том дисблансыг гадны тусламж ба байгалийн баялгаа цөлмөх замаар нөхөж байна. Ийм байдлаар удаан явах ямар ч арга байхгүй. Нигерийн хувилбараар орж, ашигт малтмалын нөөц барагдсаны дараа одоогийнхоосоо долоон доор хийж чаддаг ч зүйлгүй, өндөр хэрэглээгээ хангаж ч чадахгүй “баялгийн хараал-голланд өвчинд” нэрвэгдсэн,  Баабарын өгүүлснээр “сайн гольф тоголдог хэдэн тарган хүнтэй арал улс” шиг нэг их бөх ,морь ярисан найр наадамд хийсэн улс болж үлдэх  вий дээ. “Тогтвортой хөгжил” гэдэг бодлого ядаж үг хэллэг нь С.Батболд сайдын үед моодноос гарав бололтой.

-Манай улсын эдийн засгийн бодлого буруу яваад байна гэх гээд байнаа даа?

-Манайд одоо, өнөөдөр хамгийн их тохирох нь мерканталист эдийн засгийн бодлого юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр засгаас импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээний зүйлсийг зүйл бүрээр хавчина. Түүхий эдийн экспортыг биш үйлдвэрлэлийн чиглэлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээний зүйлсийн экпортыг төрөл бүрээр дэмжих, бодлого явуулахад оршино. Дээрх чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээ ашиг нь “0” тэй тэнцэж байсан ч Засгаас үйл ажилгааг нь зүйл бүрээр дэмжих олон ажлын байр буй болгосон өрсөлдөх чадвартай салбаруудын татварыг багасгаж тэглэх зээлийн дэмжлэг үзүүлэх, төсвийн бодлогоо чангатгаж, мөнгөний бодлогоо эрс зөөлрүүлэх, уул уурхайгаас орж буй өндөр ашгаас татвар нэмэх эсвэл орж ирсэн хөрөнгийг бусад салбарыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулах. Иргэдэд хүртээмжтэй салбаруудад жишээлбэл боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө их хэмжээгээр оруулах зэрэг олон тулгуурт эдийн засгийг буй болгох хэрэгтэй байна. Төрийн оролцоог багасгаж дунд давхрагыг нэмэгдүүлэх гэх мэтээр. Энэ мэтчилэн хүний хөгжлийн үзүүлэлтүүдээ сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлж өрсөлдөх чадамжаа дээшлүүлэх талаар төр бодлогоо явуулах ёстой. Гэтэл энэ засаг нь 2031 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүнийг 60 000 ам.доллар болгоно ч гэх шиг үлгэрийн тоо ярьж сурталчилж байна. Дэлхий дахинд улс орны хөгжлийг зөвхөн үүгээр тооцохоо болиод удаж байна шүү дээ. Засгийн бодлого оновчгүйгээс болж хотын борчуудаас хөдөөний малчид илүү хангалуун амьдарч байна. “Монгол мал хөтөлбөр”, ”ямааны мөнгө”, ”ноосны мөнгө”, “махны татаас”, “улаан буудайн татаас“ гээд хөдөөг чиглэсэн засгийн бодлого хөвөрч байхад хотын борчууд нөөцийн мах, хорин нэгэн  мянган төгрөг дээрээ алалцах шахан шар наран бор хоногийг төөрүүлж явна. Ерөнхий сайдын баяжсан, иргэдийнх нь  ядуурсан хоёр яг тэнцэнэ гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй болов уу. Ядаж байхад С.Ганбаатар мэтийн эдийн засгаа сүйрүүлэх улс төр хийдэг популист улстөрчид их байх юм. Хавдартай өөрийгөө яая гэж байгаа Уго Чавест захиа бичээд ч яах юм билээ. Ухаандаа улс орноо шившиглэх юмаа даа янз нь. Сүүлийн үед МАН-ын Засгийн газар ард түмнээ доромжлоод байгаа юм уу, тохуурхаад байгаа юм уу ер ойлгохоо болилоо. Бирж дээр гарч байж тогтдог хувьцааны үнийг УИХ-аар тогтоогоод, иргэдээсээ мөнгөө авах уу, хувьцаагаа авах уу гэж асууж байх юм. Мөнгөө авна гэхээр нь бид сая таван зуун мянгаа өглөө, эсвэл хувьцаагаа авна гэхээр нь эрдэнийн хувиа өглөө бид амлалтаа биелүүлээ гэх гээд байгаа юмаа даа янз нь. Уул нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэнд сая таван зуун мянгаа ч өгнө, хувьцаагаа ч өгнө гээд хоёргүй нэг утгаар заасан байгаа. Гэтэл энэ хоёрыгоо холиод хачин юм яриад байх боллоо. Ер нь “алаагүй баавгайн арьс”-ыг хуваагаад байгаа нь хэр зөв бодлого юм бол.

-Цөмийн Энергийн газрын дарга С.Энхбат ямар шалтгаанаар улсын нууц задруулсан асуудалд орж магадгүй гэж. Та жаахан тодруулахгүй юу?

-Энэ байгууллага дээр ураны лиценз тойрсон асуудлаас илүү ноцтой зүйл өрнөөд буй бололтой. Өнгөрсөн жил гадна дотны монголчууд Монголд цөмийн хаягдал булшлуулахгүй гэсэн өргөн тэмцэл өрнүүлсэн. Засгийн зүгээс ийм зүйл байхгүй, хэзээ ч тийм зүйл яригдаагүй болох ч үгүй гэсэн тайлбарыг өгч олон түмний амыг хааж байлаа. Гэтэл С.Энхбат даргын нотолж байгаагаар ийм нууц яриа хэлэлцээ явагдаж гар хөлийн үсэг зурж, Засгийн газрын түвшинд баталгаажсан тухай зарлаад байгаа. Тэгээд ч энэ асуудал одоо хүртэл нууцаар гүйцэтгэх боломжтой бөгөөд манай зарим сайд дарга нар зуучлалын мөнгөнд нь улайрч замдаа саад болж буй шудрага төрийн албан хаагчийг зайлуулахын тулд Ерөнхий сайд маань хүртэл шүүх засгалалын шийдвэр дээгүүр алхаж дур зоргоороо аашилж байгаа тухай тодорхой ярьсан байна билээ. Хэдийгээр С.Баярын фракцынхныг шахаж байгаа нь тухайн намын дотоод асуудал боловч төрийн албаны хувьд нэгэнт тогтоосон хууль дүрмийг зөрчиж таарахгүй. Мөн С.Энхбат дарга “Засаг энэ Ерөнхий сайдын нүүрэн дээр  бүх зүйл замбараагаа алдсан шүү дээ” гэсэн нь  үнэнд нэн ойртсон дүгнэлт болжээ. ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар “УИХ шийдвэр гаргачихвал энэ Цагаан сараас өмнө нэг сая төгрөгийг бэлнээр нь өгөх боломжтой” гэж мэдэгдээд нэг хоногийн дараа Сангийн сайд нь тийм боломж байхгүй гээд л. Нэг танхимынх нь хоёр сайд тэс хөндлөн юм яриад л Засаг дарга нар нь хэрэг төвөгт орооцолдоод хэцүүхэн л харагдах  юм даа. Энэ засагт ер нь нэгдсэн бодлого гэж байна уу? Ярилцлагаас нь үзэхэд академич С.Энхбат чинь харин ч  Засгийн газраасаа илүү “зангарагатай“ төрийн албан хаагч юм биш үү. За тэгээд живих хөлөг онгоцноос “хархнууд“ хамгийн түрүүнд зайлдаг шиг Т.Ганди мэтийн сайд нь Элчин болж зам мөрөө хөөхөөр шийдэв бололтой.

-Гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдөр болно. Та энэ түүхэн үйл явдлын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Энэ тухай яривал их цаг орох байх. Ер нь 1911-1921 он Монгол улсын түүхэнд тун ээдрээтэй он жилүүд байсан гэж би боддог. 1911 онд Монгол улс тусгаар тогтносны дараа 1915 оны Хиагтын 3 улсын гэрээгээр  автономит эрхтэй болж 1919 оны аравдугаар сард хятадын гамин цэрэг нийслэл хүрээг эзэлж, Монголын автономитыг устгасан байдаг. Түүний дараа 1921 оны хоёрдугаар сарын 3-нд Барон Унгерн Фон Штернберг Хүрээг гамин цэргүүдээс чөлөөлж, мөн сарынхаа 25-нд Богд хааныг хаан ширээнд нь дахин залсан юм. Мөн тэд  гамин цэрэгтэй  цаашид тулалдаж хошууч генерал Б.П.Резухины удирдсан цэрэг хойд хил рүү зугтсан 5000-6000 гаминг, Барон Унгерн өөрөө дайлан мордож Чойрт байсан 5000 хүнтэй гарнизон, Лүнгийн гүүр хавьд Улаан хад уулын хөндийд 4000 хүнтэй хүчийг бут цохиж Монгол улсыг гамингийн савраас чөлөөлсөн зэрэг үйл явдал шил шилээ даран эрчимтэй өрнөж байв . Ер нь анх улаан Оросуудтай уулзсан хүн нь Сайн ноён хан Намнансүрэн билээ.Тэрээр 1918 онд Эрхүү хотноо Б.Шумяцкий нартай уулзаж байсан баримт бий. МАХН Тэр үед МАН ба МАХН зэрэгцэн  оршиж байсан бололтой байгуулагдсан тухайд гэвэл 1920-иод оны сүүлчээр С.Данзан Д.Бодоо тэргүүтэй “нууц бүлгэм”-ийнхэн тусламж гуйх бичиг өвөрлөн Зөвлөлт Орос улсыг зорисоноос эхтэй гэж үздэг.1920-иод оны эхнээс Сибирьт байгуулсан Коминтерны цэргийн нууц лагериудад Афганистан, Энэтхэг, Хятад, Түвд, Солонгос, Японд төрийн эргэлт хийлгэхээр үндэсний зэвсэгт отрядуудыг нууцаар бэлтгэж байжээ. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг 1921 оны эхээр Эрхүүд бага даргын курст дээрхи лагерт болов уу суралцаж байхдаа Коминтерний нууц агентаар элссэн мэдээ байдаг. Б.Шумяцкий дээрх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Коминтерний нарийн бичгийн дарга нарын газраас Внешторг болон Лензолотоос алт мөнгөн гулдмай нийлүүлэхийг шаардаж байсан баримт хадгалагдан үлджээ. Коминтерн Монголд хувьсгал хийхэд зориулж гурван сая рубль гаргажээ. Ер нь Б.Шумяцкий бол Ардын хувьсгалын загалмайлсан эцэг бөгөөд 1921 оны Ардын Засагт Монгол улсыг “зохион бүтээгч”  ерөнхий архитектор хүн. Тэрээр Монголд хийсэн хувьсгалаа “зулбасан хувьсгал” гэж нэрийддэг байв. Зөвлөлт Оросоос тусламж гуйж очсон хоёр нууц бүлгэмийнхнийг Оросын большевикүүд өөр хоорондоо “Хүрээний хуйвалдагчид” гэж нэрийддэг байжээ.

-МАХН-ын анхдугаар хурал бас 1921 оны энэ өдөр болж байсан ер нь энэ талаар хүмүүс янз бүрийн л юм ярьдаг

Тиймээ 1921 оны гуравдугаар сарын 1-нд Зөвлөлт Орос Улсын Тройцкосавск хотноо МАН-ын анхдугаар их хурал хуралджээ. Уг Их хуралд 26 хүн оролцсоноос Монгол Улсын харъяат зургаан хүн байсан гэдэг. Энэ их хурлаас гарсан албан ёсны баримт бичиг болох “Монгол Ардын Намаас Түмэнд тунхаглан зарлах бичиг”-т дэлхийн коммунист хөдөлгөөнд нэгдэн орж буйгаа зүйл бүрээр тунхаглахын ялдамд “Өмнөд Хятад, Сычуань хязгаар, Төвд, Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөө эзэрхсэн  шудрага засаг байгуулж, тусгаар тогтноод, бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж Холбоот улс байгуулбал, сая харилцан бие биеэ дарлалцахгүй болоод, гадаадын эзэрхэг түрэмгийн аюулаас хамгаалахад сайн” гэсэн мэдэгдэл гаргаж байжээ.  Мөн сарын 5 өдөр Найрамдал, эв санааны нэгдэлтэй байхаа батлан илэрхийлж, МАН- ын Төв хороо, Ардын журамт цэргийн удирдлагаас Бароны цэрэгт явж буй монголчуудын эсрэг байр суурь баримтлах, тэдэнтэйБогд хаантай нийлэхгүй,коммунист большевик үзэл сурталыг бүхий л аргаар түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн батламж бичгийг  Зөвлөлт Засгийн газар Коминтернд гаргасан байдаг. Мөн сарын 13–нд Тройцкосавск хотноо Оросууд Монгол улсын Ардын түр Засгийн Газар гэсэн “тоглоомын Засгийн газар”-ыг байгуулсан нь  байлдах чиглэлийн 4 яам сангийн яам гэсэн 5 яамтай байв. Хожим Хиагтын тулалдааны талаар Х.Чойбалсан дурсахдаа “Би үнэнийг хэлье. Бид нар тэр үед Орос нөхөддөө худлаа хэлсэн юм. Бид тэр үед намын 1000 гишүүнтэй 500 хүнтэй зэвсэгт отрядтай бөгөөд бидний энэ хүчийг дэмжээч гэж гуйсан. Үнэн хэрэгтээ бол бидэнд тийм хүч байгаагүй. Манайхан 1000 биш 16-хан хүн байсан. Оросууд бидэнд туслаад бидний хэрэг санаснаар бүтсэн юм”, “Бид 300 дээл цуглуулж, Орос цэргүүдэд өмсүүлж тулалдуулсан” гэж бичжээ. Өрнөдийнхөн Оросууд Монголд “Октябрийн хувьсгалаа их бууны сумаар экспортолсон” гэж бичдэг. Улаан Оросууд “хүрээний хуйвалдагчид”- даа итгэсэндээ бус Хятадуудтай тохиролцсоны үндсэн дээр Барон Унгерний цэргийг устгах,Октябрийн хувьсгалаа дорно дахинд өрнүүлэх бааз газартай болох,Оросын уламжлалт геополитикийн Монгол буфер улс зорилготойгоор  цэргээ оруулжээ. Лу.Гантөмөр гишүүн нэг ярилцлагадаа “Би Ардчилсан хувьсгалыг хийсэн анхдагч нартайгаа юугаараа холбогдож байгаагаа сайн мэдэхгүй  байхад өнгөрсөн зууны эхээр амьдарч байсан энэ хүмүүстэй одоогийн МАН-ын гишүүд яаж холбогдоод байгааг би бүр ойлгохгүй байна.” гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг юм. Бид түүхийг өмчилж болохгүй бас түүхэн үнэнийг сэргээж  ирээдүйгээ зөв гольдролд нь оруулах  үүрэгтэй. 

Б.Монголхүү
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж