Шинжлэх ухааны 20 домог: Үнэн & худал

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухааны 20 домог: Үнэн & худал

Америкийн “Live Science” гэдэг шинжлэх ухааны сэтгүүл уншигчдынхаа дунд санал асуулга явуулж шинжлэх ухааны ямар домог хамгийн алдартайг тодруулсан байна. Тэднээс хамгийн сонирхол татсан хэсгийг уг сэтгүүл ялган аваад эрдэмтдээр тайлбар хийлгүүлжээ.

Тахиа толгойгүйгээр амьд байж чаддаг– Үнэн

Тахианы толгойг тасдаад хаячихад тэрээр хоёр минут орчим “амьд байж” чадна. Толгойгүй тахиа гүйж чадах бөгөөд нисэхийг хүртэл оролддог. Энэ нь тахиа толгойгоо алдсан ч тархины тулгуур хэсэг нь нугасныхаа тусламжтайгаар тодорхой хугацаанд амьдарч чаддаг аж. Нэгэн “чийрэг” тахиа толгойгүйгээр хагас жил амьдарсан гэсэн баталгаатай баримт байдаг гэнэ. “Тархигүй тахиа” гэсэн тодорхойлолт хаанаас гарсан нь одоо тодорхой байгаа биз. Тэгэхээр тахианд тархи бараг хэрэггүй ажээ.

Дэлхийн өмнөд хэсэгт усан эргүүлэг буруугаар эргэдэг- Худлаа

Дэлхийн эргэлтийн хүч хамгийн жижиг нүхний усны эргүүлэгийг өөрчлөх нөлөө үзүүлдэггүй. Усны эргэлт зөвхөн тэндхийн гадаргын онцлогоос л хамааралтай.

Хүний тархины зөвхөн арван хувь нь ажилладаг- Худлаа

Энэ төөрөгдөл бараг зуун жилээс эхлэлтэй. Аз эсвэл азгүй тохиолдол гэж үүнийг хэлж  болохгүй.  Тархийг соронзон хэлбэлзлээр судлахад тархины гадаргууны ажиллагаа амьдралын турш идэвхтэй ажиллаж байсныг тогтоожээ. Унтаж байхад хүртэл бидний тархи ажилласаар л байдаг. Тиймээс ирээдүйд бид тархиа 100 хувь ажиллуулдаг болоод бүгд ухаантан болно гэдэг зарим эрдэмтдийн төөрөгдөлд итгэх хэрэггүй л болж байна. Харин ч энэхүү төөрөгдөл яагаад гарсан талаар тархиа ажиллуулах нь арай дээр байх.

Сансарт таталцах хүч байхгүй-Худлаа

Энэ төөрөгдөлд “нойль гравитаци”, “жингүйдэл” гэсэн алдартай ойлголтууд л буруутай байх. Таталцах хүч хаана ч байдаг бөгөөд  бүх хүмүүст нэгэн адил үйлчилдэг. Сансарын нисгэгчид хөлөг дотроо жингүйдэн хөвөх боловч хөлгийн хамт дэлхийд татагдан бууж байдаг. Орон зайнаас үүдэн татах хүч сулардаг боловч тэр нь алга болно гэсэн зүйл байдаггүй.

Эвшээх нь “халдвартай”- Үнэн байж магадгүй

Туршлагаас харахад хэн нэгэн эвшээхэд бусдадаа “халдвартай” байдаг. Шинжлэх ухааны үүднээс үүнийг зөв гээд хэлэх хэцүү. Харин антропологууд хөршийгөө дуурайн эвшээх рефлекс нь бидэнд мичнээс өвлөгдөн үлдсэн гэж ярьдаг. Шимпанзе эвшээн бие биенээ дооглох нь элбэг харагдана. Тэгэхлээр бидний хэн нэг нь эвшээшнээр нөгөөгөө “дооглож” байгаа хэрэг болж байна уу.

Намуу цэцгийн үртэй жижиг талх идэх нь мансууруулах
 бодис татсантай адил- Үнэн

Хамгийн гайхалтай нь энд үнэний хувь байгаа. Намуу цэцгийн үртэй жижиг талх идэхэд хар тамхи татдаг хүмүүстэй адил сэтгэлийн хөөрөлд автахгүй ч гэсэн мансууруулах бодисны асуудалтай орооцолдсон хэрэг гарч магадгүй. Тийм хоёр жижиг талх идсэн хүнээс хэсэг хугацааны дараа цусны шинжилгээ авахад мансууруулах бодис илэрдэг гэнэ лээ.

Өндөр байшингаас шидсэн зоос хүнийг алж чадна- Худлаа

Ердийн зоос аэродинамикийн талаасаа тийм сүртэй зэвсэг биш. Зоосний хэлбэр нь салхи болон  агаарын ихээхэн эсэргүүцэлтэй тулгарах учраас Empire State гэдэг 330 метрийн  өндөр байшингаас хаясан зоос ч хүнд ноцтой гэмтэл учруулж чадахгүй. Зоосыг зэвсэг болгон хэрэглэх гэсэн хүн харин тэр зоосоороо тоосго худалдан аваад өндөр байшингаас шидвэл үр дүнтэй байх болов уу.

Насанд хүрсэн хүний тархины эсийн өсөлт зогсдог- Худлаа

Бие организм өсөх залуу насанд тархины хөгжлийн хамгийн идэвхтэй үе явагддаг боловч эсийн өсөлт насанд хүрсэн хүнд ч үргэлжлэн явагдсаар байдаг. Судалгаа шинжилгээгээр нейронууд үхэх хүртэл амжилтай “ургасаар” байдаг нь тогтоогджээ. Ингэхлээр ухаан суух боломж хүн бүрт л байгаа гэсэн үг болж таарах нь ээ.

Аянга нэг газраа дахин буудаггүй-Худлаа

Үнэн хэрэгтээ энэ ёстой төөрөгдөл шүү. Ингэж төөрөгдөж байгаад амиа алдав зай. Аянга өөрийн “сонголттой”. Аянга өндөрлөг газарт буудгийг хэн хүнгүй л мэднэ. Аянга буусан модны дор “нуугдах” нь осолтой. Жишээ татахад өндөр байшингуудад /Empire State-д/ жилдээ 25 мянга орчим удаа аянга буудаг байна.

Тахианы махны тунгалаг шөлөөр ханиадыг эмчилж болно- Үнэн

Тунгалаг шөлөөр ханиадыг эмчилнэ болох гэнэ шүү.  Томуу туссан хүүхдээ  тахианы махан тунгалаг шөлөөр эмчлэхээр зүтгэдэг томчуудыг эрдэмтэд дэмжиж байна. Учир нь тахианы махны тунгалаг шөлөнд өвчнийг тараахгүй, үрэвслийн эсрэг бодис байдаг нь тогтоогджээ. Яаж ч бодсон ээжийн зөв гэдэгт эргэлзэх хэрэггүй л юм байна.

Эрчүүд сексийн тухай долоон секунд тутам боддог- Худлаа

Үржих тухай бодол байгалиас хүнд заяагдсан зүйл л дээ. Эрчүүдэд ийм санаа хэчнээн удаа төрдгийг шинжлэх ухааны үүднээс тогтооно гэж байхгүй. Олон нийтийн санал асуулгаар тогтоогдсон гэх долоон секунд гэдэг нь мэдээж дэгсдэлтэй.

Үс ба хумс үхсэний дараа ч ургадаг-Худлаа

Монголчууд хумс, үсийг байнга авч, тайрч бай гэдэг. Учир нь үхсэний дараа хамгийн урт ургадаг нь хумс басүс хэмээн тайлбарлах нь бий. Гэхдээ энэ бол бас нэгэн төөрөгдөл аж. Үхсэний дараа хүний биеийн бүх үйл ажиллагаа тэр даруй зогсоно. Үүний тоонд ч үс, хумсны ургалт орно. Энэ төөрөгдөл нь үхсэний дараа бие организм шингэнээ ихээр алдах ба үүнээс үүдэн хумс, үс их болж харагддаг хараа зүйн алдаа гэнэ.

Борооноор гүйхэд бага норно- Үнэн

Энэ үйл ажиллагаанд зориулан тооцоолсон математикийн зарим тэгштгэлийг аваад үзвэл энэ нь үнэн болохыг харуулж байна. Борооноор гүйхэд таны хувцасны урьд хэсэг норно. Харин хотын элдэв хорт бодис шингээсэн борооны үеэр удаан алхах нь таны үсэнд хортой. Удаан алхах тусам та ихээр норно.

Таван секундын дотор авсан зүйлийг унасанд тооцохгүй- Худлаа

Үүнд итгээд байх хүнгүй боловч сануулан хэлэхэд газар унасан ямар ч зүйл эхний эгшинд нянг наалдуулдаг гэдгийг шалган тогтоосон юм.

Нохойн ам хүнийхээс цэвэр-Мэдээж, худлаа

Нохой хамар, хэлээ хаа хамаагүй газар оруулах дуртайг хүн мэдэх мөртлөө нохойн амны хөндий  цэвэр гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ биологийн төрөл бүрийн амьтны амны хөндийн нянгийн цуглуулга өөр өөр байдаг учир тэднийг зүйрлэн авч үзэх нь утгагүй хэрэг.

Амьтад байгалийн гамшгийг урьдчилан сануулдаг- Худлаа

Амьтанд зургаа дахь мэдрэмж байдаг гэдгийг баталсан баталгаа байхгүй. Гэхдээ сайн үнэрч ба харах чадвар, төрөлхийн зуршил нь амьтадад хүнийхээс илүү хөгжсөн байдаг учраас тэдэнд аюул хаанаас ирж буйг хурдан тодорхойлох боломжийг өгдөг. Үүнээс гадна амьтад ирж буй цунами эсвэл салхийг хүн шиг амаа ангайгаад хараад байхгүй л дээ. Гэхдээ л байгалийн гамшгийн үеэр олон амьтад үрэгддэг. Хэрэв тэдэнд зургаа дахь мэдрэмж нь байгаа ч гэсэн тэр нь нэг их тус болоод байдаггүй. Харин Азийн сүүлийн цунамийн үеэр тун цөөхөн амьтад үрэгдсэн баримттай.

Дэлхий нарнаас холдсоноор улирал солигддог- Худлаа

Дэлхийн нарыг тойрсон тойрог замын хэмжээний өөрчлөлт дэлхийн агаарын хэмд төдийлөн нөлөө үзүүлдэггүй. Учир явдал дэлхийн тэнхлэгийн байрлалаас хамаардаг. Энгийн мөртлөө ойлгоход бас хэцүү эд юм.

Хятадын цагаан хэрэм сансраас харагдах хүний бүтээсэн ганц байгууламж- Худлаа

Энэ талаар олон янзын яриа бий. Сансарын нисгэгчид тойрог замаас хүний бүтээсэн олон байгууламжийг хардаг. Тухайлбал, Египетийн пирамидууд, томоохон  нисэх буудалд онгоц бууж, хөөрөх нь хүртэл тэдэнд харагддаг ажээ.  Үнэн хэрэгтээ Цагаан хэрэм хаа байгааг мэдэхгүйгээр түүнийг сансараас олж харахад хэцүү. Харин түүнийг саран дээрээс олж харна гэвэл ёстой бүтэхгүй зүйл.

Бохь ходоодонд долоо жил хайлахгүй байж чаддаг- Худлаа

Органик хоолыг бодвол бохийг боловсруулах нь мэдээжийн хэрэг удаан байх нь тодорхой. Гэхдээ бидний организмд боловсруулж чадахгүй зүйл гэж бараг байхгүй. Бохь бусад хоолны адил боловсрогдоод л организмаас зайлуулагддаг. Бодвол энэ төөрөгдлийг  томчуудаас л хүүхдүүдэд зориулж гаргасан байх.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж