Коби Брайнт: Би зодог тайлах талаар бодоогүй байна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Коби Брайнт: Би зодог тайлах талаар бодоогүй байна

Алдарт сагсан бөмбөгч энэ улирал 16 дахь жилдээ “Лос-Анжелес Лейкерс”-ийн төлөө хүчин зүтгэх гэж байна. Хэрэв Коби ба түүний багийнхан энэ жил түрүүлж чадвал аваргын цомыг зургаа дахиа хүртэнэ. Өөрөөр хэлбэл, домогт тамирчин Майкл Жордантай эн зэрэгцэнэ гэсэн үг. Өнгөрсөн жил боломж байсан ч бүсийн аваргын төлөөх цувралд “Даллас Маверикс” багт хожигдсоноор олдсон боломжийг салхинд хийсгэсэн юм. Тиймээс тэд энэ жил шинэ дасгалжуулагчийнхаа хамтаар аваргын титмээ эргүүлэн авахын төлөө тэмцэж буй. Шинэ дасгалжуулагч болоод өөрийн карьерийн талаар “Yahoo” сайтын спортын буланг хөтлөгч Марк Спийрст өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Ер нь “Лейкерс”-ээс зодог тайлах талаар бодож үзсэн үү. Төсөөлж байна уу?

-Би энэ тухай бодож үзээгүй юм байна. Хэзээ нэгэн цагт бодох хэрэгтэй болох л байх. Гэхдээ одоо бол цаг нь биш. “Лейкерс”-ээс гарах ч юм уу, бүр зодог тайлах тухай бодож байсангүй.

-“Лейкерс”-ийн гараанд гарах нь нэгэнт тодорхой болохоор тэр үү?

-Асуултгүй, энэ бол мэдээжийн хэрэг. Би энэ багийн төлөө 16 жил зүтгэж байна. Тэгэхээр би яг одоо энэ багаас гарч чадна гэж үү…

-NBA-д тоглосон 16 жилийн хугацаанд сагсан бөмбөгийн түүхэн дэх гайхамшигтай тоглогч болсон гэж боддог уу?

-NBA-д тоглох нь өдөр бүр онцгой мэдрэмж төрүүлдэг. Одоохондоо гайхамшигтай одын статус миний дэргэд л байна. Тэгэхээр энэ бол бүтэшгүй зүйл биш.

-Танай баг энэ улирлын аваргын цом өргөж чадна гэж бодож байна уу. Хэрэв тийм бол ямар учраас?

 -Бид маш гайхалтай бүрэлдэхүүнтэй байна. Одоо цаг үед байгаа бүх багуудаас манай бүрэлдэхүүн үнэхээр чадварлаг байгаа. Та бүхэн нэрийг нь харахад л болно. Ямар ч байсан супер багуудын нэг. Гэхдээ бид энэ алдарт хүрэхийн тулд бүгдээрээ хичээж, зүтгэх ёстой.

-Өнгөрсөн улирлын плей-оффт “Даллас Маверикс” багт санаанд оромгүйгээр хожигдсон. Магадгүй бүх ачаалал таны нуруун дээр байгаа болохоор хожигдсон юм биш биз?

-Үгүй ээ. Асуудал өөр зүйлд байсан. Сагсан бөмбөг бол багийн тоглолт. Магадгүй миний тоглолтыг хараад хүмүүст тийм бодол төрдөг байж магадгүй.

-Энэ хүнд хэцүү цувралын дараа бага ч болов амсхийх зав танд гарсан байх?

-Үгүй, үгүй. Бага зэрэг эмчилгээ хийлгэсний дараа буцаад л “ажилдаа” орсон.

-Шинэ хүмүүс, худалдаа наймаа, шилжилтүүд таны сэтгэлд хэр зэрэг нийцэж байгаа вэ. Энэ нь багийн уур амьсгалд нөлөөлөх үү?

-Би бүгдийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэхдээ зарим тал дээр үнэхээр сэтгэлд нийцээгүй зүйлс бий. Зарим нэг хүмүүсийг гаргаад, дахиад түүнийх нь оронд шинэ хүн орно гэвэл би хувьдаа дэмжихгүй. Гэхдээ зарим дээр нь тийм гээд гараа өргөхөөс өөр аргагүй.

-Таныг багаас явуулъя гэсэн санал гарч байсан уу?

-Олон жилийн өмнө тийм юм гарч байсан. Ийм асуудал гарахаар хүлээхээс өөр аргагүй болдог юм. Бэлтгэлд ч нөлөөлдөг.

-Таныг Хятад, Итали, Туркийн лигт тоглох тухай улирал эхлэхээс өмнө яригдаж байсан. Танд гадаадад тоглох сонирхол байгаа юу?

-Улирал эхлэхээс өмнө бол энэ улирлын тоглолт явуулах эсэх нь эргэлзээтэй байсан. Тиймээс бага зэрэг хүлээхээр шийдсэн. Хэрвээ улиралын тоглолт зохиогдохооргүй болоход надад гадаад руу явахаас өөр сонголт үлдэхгүй байсан болов уу.

-Крис Пол “Лос-Анжелес Клипперс”-т тоглох болсныг та юу гэж бодож байгаа вэ?

-Тэр маш их эрч хүчтэй. Амжилт гаргах бүх бололцоо түүнд бий. Магадгүй түүний энэ их эрч хүч “Клипперс”-т эергээр нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

-Крис Пол үнэхээр “Клипперс”-ийг өөрчилж чадах болов уу?

-Магадгүй энэ боломжтой. Гэхдээ түүнийг үнэхээр өөрчилж чадах, цаашид амжилтад хүрч чадах эсэхийг плей-оффт шалгарч чадвал плей-офф-оос л харагдана.

-Ламар Одомыг “Даллас Маверикс” руу явсныг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Гайхсан, дургүйцсэн. Түүнийг яагаад Даллас руу явуулсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Түүнээс яг энэ наймааны талаар асуусан юм уу, манай багт энэ үнэхээр хэрэгтэй ч юм уу, хэлж мэдэхгүй байна.

-Наймаа амьдрал дээр ажил хэрэг болсны дараа та түүнтэй ярилцаж үзсэн үү, та түүнд юу гэж хэлсэн бэ?

-Тиймээ ярьсан. Би түүнд сайн сайхныг л хүссэн дээ. Би болоод манай багийнхан түүгээр бахархдаг, түүнтэй тоглоход үнэхээр сайхан байсан тухайгаа хэлсэн. Бас энэ асуудалд би дургүйцэж, эсэргүүцэж байсан гэдгээ хэлсэн.

-Тэр энэ наймааны талаар өөр юм ярьсан уу?

-Үгүй. Надтай нэг багт тоглоход үнэхээр сайхан байсан, үнэхээр гар нийлдэг байсан тухайгаа л хэлсэн. Би зүгээр л түүнтэй ярилцаж байхдаа Даллас руу явах нь түүний хүсэл биш байсныг ойлгосон. Түүнд ямар хэцүү байгаа нь угаасаа хойлооноос нь л тодорхой байсан. Тиймээс би тийм олон юм яриагүй.

-“Лейкерс”-ийн шинэ дасгалжуулагч Майк Браунтай ямаршуухан харилцаатай байдаг вэ?

-Тэр маш сайн. Үнэхээр хөдөлмөрч. Тэр жижиг зүйлийг ч орхилгүй бидэнд зааж байдаг. Түүний бэлтгэлийн арга барил, тактик зэрэг нь үнэхээр сайн. Майк Браун амжилтын төлөө, аварга авахад маш сайн бэлтгэж байгаа. Би түүнээс өдөр бүр шинийг сурдаг. Бас өөр талыг нь өдөр бүр олж хардаг. Мэдээж хүн юм чинь ямар нэгэн дутагдал байж л таараа.

-Оранж дүүрэгт байх гольфийн талбайд Майк Браун танай багийнхантай анх удаа уулзаж байсан. Анхны уулзалтаар танд юу гэж бодогдсон бэ?

-Би анхны уулзалтаасаа л түүнийг маш шаргуу гэж л ойлгосон. Түүний бидэнд хэлсэн анхны үг бол “Бэлтгэл өмнөхөөсөө хүндэрнэ. Сэтгэл санаа болоод биеэ бэлд. Бэлтгэлийн дундуур хэн нэгэн унаад өгөхийг би харахыг хүсэхгүй байна” гэж хэлсэнийг санаж байна.

-Танай багаас Ламар Одом, Шенон Браун нар яваад оронд нь Трой Мерфи ирсэн. Ер нь одоогийн гарааны бүрэлдэхүүн өмнөхөөсөө дээрдсэн үү?

-Би ингэж боддог юм. Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч бай, ороогүй ч бай бид багийг өөрсдөө л босгож, өмнөхөөсөө дээрдүүлэх ёстой. Гэхдээ зарим нэгэн шилжилтийг би үнэхээр ойлгохгүй байгаа. Харин манай залуус сагсан бөмбөгийн төлөө хэр их хичээж, бие, биенийгээ ямар байдлаар хурцалж байгааг би хардаг. Бүх зүйл хараахан дуусчихаагүй байна.

-Өнгөрсөн зун Германд очиж баруун хөлийн шагайгаа эмчлүүлсэн. Одоо таны эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байхгүй биз дээ?

-Би хүн л учраас хаа нэгтээ зовиурлаж л таараа. Гэхдээ миний шагай өмнөхөөсөө хавьгүй дээр болсон. Магадгүй би бүр шинээр төрсөн ч байж болох юм. Ямар ч байсан одоогоор өвдөөд, зовоогоод байсан юм алга. Хамгийн гол нь дахин сэдрээхгүй байх нь л чухал.

-Өнгөрсөн улирлын төгсгөлд таны шагай бэртэлтэй байсан болохоор танай багт нөлөөлсөн гэж боддог уу?

-Мэдэхгүй. Би гүйж, үсэрч, илүү олон удаа самбарт довтолж чадна. Өдөр бүр л бэлтгэл хийж байна. Бүр өмнөхөөсөө илүүгээр гээч. Тиймээс өнгөрсөн жилийнх шиг зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж