Биднийг бурхан өршөөг

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Биднийг бурхан өршөөг

Хүн эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн өмнө хүчин мөхөсддөг. Тиймээс өөрсдөө эрх мэдэлтэй болохын төлөө улайран тэмцдэг биз ээ. Ийн тэмцэх мөчдөө ямар үнэ цэнэтэй зүйлээ алдаж байгаагаа мэдрэх нь битгий хэл ухаардаггүй. Хэн нэгэн ийм бодлоор улс төрд хөл тавих нь Монгол Улсын ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг үгээр хэлэхийн аргагүй юм. Хүн үхэхийнхээ өмнө туулж, өнгөрүүлсэн амьдралаа эр­гэн нэг хардаг гэдэг. Эргэн харсан амьдрал тань харамсал, гуниг, алдаа, зэмлэлээр дүүрэн байвал сайхан санагдахгүй нь лавтай. Тиймээс та өнөөдөр цаг алдаагүй байгаа дээрээ эрх мэдэл, албан тушаалын төлөөх шуналаа хазаарлах нь үр хүүхдэдээ үлдээж буй хамгийн том өв ч байж мэдэх юм. Тийм ээ, дээрх ойлголтыг монголчууддаа түгээж асуудал дэвшүүлэх зорилгын дор “Big Line Film” студи “Бурхан өршөөг” нэртэй эмгэнэлт, инээдмийн уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгохоор өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. Энэхүү киноны зохиолыг найруулагч З.Батболд А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолоос сэдэв­лэн бүтээжээ. Тэрбээр “Түшмэлийн үхэл” зохиолын утга санааг өнөөгийн Монголын нийгэм тэр дундаа улс төрийн хүрээний албан тушаалд шунасан үг, үзэл бодолдоо хөтлөгдсөн хүнийг толины тусгал мэт тусгажээ. Энэ хүн буюу Цэнгэлийн дүрийг СТА “Маск” продакшны жүжигчин, М.Баярмагнай бүтээсэн байна. Харин улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хэдий ч яаж болохгүй хорвоог хясах нь эр хүний зовлон аж. Ийм сэтгэл зүрх, итгэл үнэмшилтэй сайд хүний дүрийг Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар дэлгэцэнд амилуулав. Түүнчлэн “Бур­хан өршөөг” киноны бусад гол дүр болох сайд Сундуйн охин Цацралын дүрд жүжигчин Б.Хулан, түүний эцэгт өс санан, хариу авахын тулд Цацралын толгойг эргүүлэн, луйвар хийж буй Мөнхсайханы дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг нар тогложээ. Хорвоод юугаа ч зараад хамаагүй эд баялгийн төлөө зүтгэж яваа хэсэг байхад мөнгөгүй хэрнээ зовлонт амьдралыг жаргалаар дүүргэхийг хүсдэг нэгэн бий. Архинд орж, нийгмийн шаар шавхруу нэр зүүсэн залуугийн зүрхэнд эх оронч үзэл, шударга зан тамга мэт сийлээстэй байх аж. Эдгээр хүмүүс эрх мэдлийн төлөө юу ч өгөхөд бэлэн хүмүүсийг хараад инээж суудаг байна.


“Бурхан өршөөг” киноны уран бүтээлчид Монголын кино урлагт өөр өнгийг нэмлээ. Монголын кино урлаг уруудаж байсан тэр үед залуусын хайр дурлалын сэдэвтэй кино л давамгайлдаг байв. Харин өнөөдөр огт өөр өнцөг, өнгө төрхийг үзэгчид киноны уран бүтээлчдээс хүсэн хүлээдэг болжээ. “Бурхан өршөөг” кино улс төрийн сэдэвтэй юм. Гэхдээ киноны уран бүтээлчид “Бид уг киног хэн нэгний захиалгаар бүтээгээгүй. Монголын нийгэм, улс төрд тулгамдаж буй асуудлыг хөндөхийг хичээсэн” хэмээж байлаа. Энэхүү киног үзсэн хүн бүр өөрийг нь юу тойрон хүрээлээд байгааг олж мэдэх болно. Бид хэний төлөө, юу хийгээд байна вэ гэдгийг мэдрэх болно. Хэрэв бурхан гэж байдаг бол биднийг өршөө.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж