ЮНЕСКО-д элссэний ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-д элссэний ойг тэмдэглэнэ

Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жил, Дэлхийн өвийн конвенцийн 40 жилийн ойд зориулсан арга хэмжээ Хархорин хотоос эхлэх гэж байна. Энэхүү тэмдэглэлт өдрүүдэд зориулсан арга хэмжээний нээлтийн ажиллагааг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс (МҮК), Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хамтран Өвөрхангай аймгийн Хархорин хотод гуравдугаар сарын 16-17-нд зохиох ажээ.

Энэ хүрээнд Хархорум хотын музейн үзэсгэлэнгийн танхимд “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг гар урлалаар алдаршуулах нь” үзэсгэлэн болох аж. Үзэсгэлэнгийн үеэр таван сумын гар урчууд болон дунд сургуулийн сурагчдын бүтээл, ардын урлагийн тоглолтыг сонирхох гэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотоос Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтнүүд, гар урчууд оролцож, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт орших таван сумын дунд сургуулийн сурагчдын гар урлалын “Өв уламжлагч” уралдаанд шалгарсан бүтээлийг урамшуулах юм байна.

Нээлтийн ажиллагаанд ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах зорилгоор оролцох гэнэ. Энэ нь Орхоны хөндийн гар урчуудын бүтээлийг түүх, соёлын үнэт олдворууд, соёлын өвийн агуулгыг баяжуулж, зах зээлд гарах гарцыг олоход чухал үүрэг гүйцэтгэх тухай албаныхан онцолж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж