“Мөсний баяр” болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

“Мөсний баяр” болж байна

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал, жуулчлалын холбоо, “Актив адвенчер турс Монгол” компани хамтран Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Нүүдэлчдийн өвөл-2012” хөтөлбөрийн хүрээнд “Мөсний баяр”-ыг энэ сарын 1-4-ний өдөр зохион байгуулж байгаа билээ. Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх үүднээс энэхүү “Мөсний баяр”-ыг хийж байгаа аж. Уг баяр Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ сум, Хатгал тосгон, Хатгал тосгоноос есөн км-т орших Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн Доод Модот буланд болж байгаа юм.

“Мөсний баяр”-ын аялал гуравдугаар сарын 1-нд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг зорьсон нисэлэгээр эхэлсэн юм. Өчигдөр Мөрөнд “Мөсний баяр”-ын нээлтийн ажиллагаа болон бөөгийн ёслол, уран бүтээлчдийн ардын урлагийн тоглолт, морин чарганы уралдаан, “Мөсөн шагай” харваа, 12 км-ын чаргатай морьдын бооцоотой уралдаан, 100 км-ын тэшүүрийн марафон болон сайхан монгол дээлтэй гадаад шалгаруулах, “Аав ээж би” тэмцээн, мөсөн гэрийн худалдаа, үйлчилгээ зэрэг олон талт арга хэмжээнүүд болсон юм. Өнөөдөр өглөө 09.00 цагт тэшүүрийн марафоны хоёр дахь өдрийн гараа 100 км тойрогт эхэлсэн бөгөөд автомашины уран жолоодлогын тэмцээн, мөсөн дээрх бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн, морин чаргаар аялах, морь унах, айлд зочлох зэрэг хөтөлбөрүүд болж байгаа юм. Өнөөдөр 16.00 цагт тэшүүрчид гулгаж дуусан марафон өндөрлөх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа

болно. Харин  20.00 цагт  “Мөсний баяр”-ын хаалтын ажиллагаа, галын наадам болон зочид, оролцогчид маргааш Улаанбаатарт ирснээр “Мөсний баяр” өндөрлөнө.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж