УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 11.25 цагт нээлээ. Чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ УИХ-ын намрын чуулганыг саяхан өндөрлүүлсэн болохыг онцлоод, цаг үеийн шаардлагаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж буйг тэмдэглэлээ. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон шаардлага нь Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой болохыг онцоллоо. Мөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг сөрөг талтай ч зөв зохион байгуулж чадвал эдийн засагт эерэг үр дүн дагуулна. Тэр дундаа Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх нэг арга хэрэгсэл болохыг хэллээ. Хуульд зааснаар цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-н, тавдугаар сарын 1-нээс тус бүр үе шаттай нэмэгдүүлэхээр тусгаад буй юм.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх хоёр дахь чухал хуулийн төсөл нь Орон нутгийн сонгуулийн  тухай төсөл болохыг мөн онцлон тэмдэглэлээ. Эл төсөл дээр намын бүлгүүд саналаа нэгтгэж чадвал ээлжит бус чуулганыг товлосон хугацаандаа завсарлуулах боломжтой тухай ч дурдаж байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг,  МАН-ын бүлгийн хувьд энэхүү тав хоногийн хугацаанд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөж, нэг ойлголцолд хүрэн УИХ-аар батлах чухал үүрэг ногдож байна.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 76.3 хувь нь оролцлоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газрын гишүүд, зарим агентлагийн дарга нар оролцлоо. Ээлжит бус чуулган одоо өндөрлөөд байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж