Хятад Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Хятад Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулна

Бээжин хотод өнөөдөр Хятадын парламент болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын 11 дэх удаагийн сонгуулийн тавдугаар чуулган ажлаа эхэлж байна. Чуулганд Хятадын өнцөг булан бүрийг төлөөлсөн 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. БХАТИХ-ын дарга У Бангуо чуулганыг нээж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажлыг тайлагнажээ.

Өмнөд хөршийн том үйл явдалд тооцогдох энэ чуулган өнөөдөр эхлэн 14-ний өдөр өндөрлөх ажээ. Чуулганаар ес хоногт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Уг чуулганаар Засгийн газрын ажлын тайланг сонсч, төлөвлөгөөний тайланг хянан шалгаж батлах бөгөөд төсвийн тайланг баталж,  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Мөн БХАТИХ-ын  12 дахь удаагийн сонгуулийн төлөөлөгчдийн орон тоо, сонгууль явуулах зарчим зэргийг хянан хэлэлцэх аж. Сянган, Ао Мэний тусгай бүсээс БХАТИХ-ын төлөөлөгчдийг сонгох хоёр төслийг мөн хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, Ардын Дээд Шүүхийн ажлын тайлан, Ардын дээд Прокурорын газрын ажлын тайланг тус тус хэлэлцэхээр тусгаад байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж