Орон нутгийн сонгуулийн хуулийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн хуулийг хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлуулжээ. Харин энэ асуудал дээр хоёр намын бүлэг зөвшилцөхийн тулд одоо 11.30 цагт УИХ-ын дэд дарга Н.Энхболдын өрөөнд хуралдахаар болоод байна. Хоёр намын бүлгээс тус бүр тав, таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөхөөр болж байна гэсэн мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өглөө.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах ёстой гэж тусгаад буй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс санаачилсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг тусад нь хийхээр заагаад байгаа билээ. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулахдаа аймаг, нийслэлийн удирдлага, ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг хамтад нь зохион байгуулъя. Харин сум, дүүргийн орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулж болох юм гэдэг саналыг олонхийн бүлэгт хүргээд байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байх магадлал өндөр байгаа аж. Гэсэн ч цөөнхийн бүлэг хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах ёстой гэсэн зарчмын байр сууриа хэвээр хадгалах гэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж