Ээлжит бус чуулганыг сунжруулахгүй байхыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг сунжруулахгүй байхыг санууллаа

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдлаа. Чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлсэн юм. Тэрбээр УИХ-ын намрын чуулганыгбүрэн эрхийнхээ хүрээнд долоо хоног сунгаж хуралдуулсан гэдгээ дуулгасан. Гэсэн ч хэлэлцэх ёстой чухал асуудлуудыг УИХ-ын намрын чуулганаар шийдэж чадалгүй үлдээсэн учир ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаагаа хэлсэн юм.  Тэрбээр ард түмний дунд хүлээлт үүсгээд буй  төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд шийдэхийн тулд Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстойг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн. Мөн “Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг сөрөг талтай ч зөв зохион байгуулж чадвал эдийн засагт эерэг үр дүн дагуулна. Тэр дундаа монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх нэг арга хэрэгсэл болно” хэмээсэн. Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн байгууллагад ажиллагсдын цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 1, мөн тавдугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж, эрх зүйн хувьд баталгаажих юм.

Үүнийхээ дараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх хоёр дахь чухал хуулийн төсөл нь Орон нутгийн хурлын сонгуулийн  тухай хуулийн төсөл болохыг УИХ-ын гишүүдэд сануулаад уг хуулийн төсөл дээр намын бүлгүүд саналаа шуурхай нэгтгэж чадвал ээлжит бус чуулганыг товлосон хугацаанд завсарлуулах боломжтойг УИХ дахь Ардын нам болон Ардчилсан намынханд анхаарууллаа.Үүний зэрэгцээ Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар эцэслэн батлахыг хэлснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө. Ээлжит бус чуулганы хуралдааныг өнөөдрийн 15.00 цагаас үргэлжлүүлэх бөгөөд хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.
 
УИХ-ын Тамгын газрынхан “УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 5-9-ны хооронд болно” хэмээж байсан. Тэгвэл товлосон асуудлуудаа хэлэлцэж, шийдэлд хүрч чадвал УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдаад өндөрлөх юм байна. Харин УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын бүлэг тохиролцоонд хүрэхгүй бол ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бүрэн эрхийнхээ хүрээнд сунгаж хуралдуулна. Гэхдээ ийм байдал гаргахгүй байхыг спикер дарга  ээлжит бус чуулган эхлэхэд УИХ-ын гишүүдэд сануулсан билээ. Товлосон асуудлуудаас гадна Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй гэсэн таамаг бий. Харин үүнийг УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд эрс няцааж байгаа юм. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлуудын хүрээнээс халихгүй юм байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтэд УИХ-ын гишүүд нэлээд өндөр хувийн ирцтэйгээр хүрэлцэн ирсэн бөгөөд золголтын үйл ажиллагаа багагүй өрнөсөн. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Батбаяр, З.Алтай, С.Баярцогт, Э.Бат-Үүл,  Н.Ганбямба, Л.Гансүх,  Ш.Сайхансамбуу, Б.Батбаяр, Ц.Цэнгэл нараас бусад нь хүрэлцэн ирсэн бөгөөд дээрх гишүүд гадаад, дотоодод томилолтоор ажиллаж байгаа аж. 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж