Дундговьд Тэмээний баяр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Дундговьд Тэмээний баяр боллоо

Дундговь аймагт тэмээний баяр боллоо. Энэ үеэр хорь гаруй тэмээ уралдахад эхний таван байрыг Дэлгэрхангайнхан завсаргүй эзэллээ. Тэмээн пологоор арваад баг өрсөлдөж,  Дэлгэрхангай, Сайнцагааны баг эхний байрыг булаалдав.  Тэрчлэн буйл зорох, бурантаг томох, тэмээ хомнох, сайхан тэмээтэй хос шалгаруулах  уралдаануудад Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт сумын залуус манлайлж, шагнал хүртсэн байна.

Мерси Кор олон улсын байгууллагаас тэмээний ноос бэлтгэхэд үзүүлэх урамшлын талаар сум, багийн удирдлага, малчдад мэдээлэл өгч  бизнесийн сургалт зохион байгуулжээ.

Жилээс жилд тоо толгой нь буурч байгаа ч хамгийн ашиг шимтэй тэмээн сүргийг өсгөх малчдын сонирхлыг нэмэгдүүлэх, тэднийг урамшуулахад энэ баярын үйл ажиллагаа чиглэсэн байна.  Үүний өмнө аймгийн тэмээн сүргийн гуравны нэгийг адгуулдаг Өлзийт суманд тэмээний томоохон баяр болсон нь энэ наадмын өмнөх нэг ёсны сорилго болсон гэнэ. Дэлгэрхангай сумын хувьд Өмнөговь, Баянхонгор аймагт болсон удаа дараагийн тэмээний наадамд оролцож туршлагажсан бөгөөд тэмээн полоны  мэргэшсэн багтай, тэмээгээ уралдаанд сойж сойлгыг тохируулах чадвар эзэмшсэн нь энэ үеэр гойд ялгарч байлаа.

Ер нь Дундговь аймагт тэмээн сүргээ өсгөх, хамгаалах чиглэлээр зарим Төрийн бус байгууллага ч ажиллаад эхэлчихэж. “Дундговь-Мөнхболор” сан гэхэд үйл ажиллагааныхаа таван чиглэлийн нэгийг “Тэмээн сүргээ хамгаалах” гэж тодорхойлсон бөгөөд энд судалгааны ажлаа эхлээд байгаа юм.    

                                С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж