Хятад нээлттэй эдийн засгийн шинэ хэлбэрт шилжинэ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Хятад нээлттэй эдийн засгийн шинэ хэлбэрт шилжинэ

Урагшлахын төлөө тогтвортой хөгжинө

Бээжин
хотод өчигдрөөс БНХАУ-ын парламент болох Бүх Хятадын Ардын
төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын 11 дэх удаагийн сонгуулийн тавдугаар
чуулган хуралдаж байна. Нийт  ес хоног хуралдах эл чуулганд бүх Хятадын
1,3 тэрбум иргэнийг төлөөлсөн 3000 орчим төлөөлөгч Засгийн газрын ажлын
тайланг хэлэлцэж Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012 оны  чиг
хандлагыг тогтоох юм. Уг
чуулган дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байгааг гадаад, дотоодын
1000 гаруй сэтгүүлч үйл ажиллагааг нь сурвалжилж байгаагаас харж болно.
Хамгийн олон сэтгүүлч АНУ, Японоос ирсэн байна. Чуулганаар Засгийн
газрын ажлын тайланг сонсч, төлөвлөгөөний тайланг хянан шалгаж батлах
бөгөөд төсвийн тайланг баталж,  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Мөн БХАТИХ-ын 12 дахь удаагийн
сонгуулийн төлөөлөгчдийн орон тоо, сонгууль явуулах зарчим зэргийг хянан
хэлэлцэх аж. Сянган, Ао Мэний тусгай бүсээс БХАТИХ-ын төлөөлөгчдийг
сонгох хоёр төслийг мөн хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. БХАТИХ-ын
Байнгын хорооны ажлын тайлан, Ардын Дээд Шүүхийн ажлын тайлан, Ардын
дээд Прокурорын газрын ажлын тайланг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд
байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий  сайд Вень Зябаогийн
илтгэсэн Засгийн газрын ажлын тайланд Хятадын Засгийн газрын өнгөрсөн
нэг жилийн ажлыг дүгнэж энэ оны зорилтуудыг тусгажээ. Төрийн зөвлөлийн
Ерөнхий сайд Вэнь Зя бао илтгэлдээ "2012 он бол 12 дугаар таван жилийн
төлөвлөгөөний эхний жилийн ажлыг дүгнэх, мөн одоогийн Засгийн газрын
бүрэн эрхийн хугацааны эцсийн жил юм. Бид ажлаа ягштал биелүүлэн
зоригтой урагшилж, хүндрэл бэрхшээлийг хойш тавилгүй шийдвэрлэн ажил
хэргээ ард түмний сэтгэлд хүртэл бүрэн биелүүлнэ" гэжээ.

Тус
тайланд бодит хэд хэдэн зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал, 2012 онд
дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7,5 хувьд хүргэнэ гэжээ. Хот
сууринд шинээр есөн сая гаруй ажлын байр бий болгож, хот сууринд
бүртгүүлсэн ажилгүйдлийн хэмжээг бууруулан 4,6 хувь дотор багтаан барьж,
импорт, экспортыг 10 хувиар нэмэхээр төсөөлж, гадаад худалдааны
тэнцлийг сайжруулах зорилт тавьжээ.

Өнөөгийн байдлаар дэлхийн
эдийн засгийн хэтийн төлөв төдийлөн сайнгүй, эдийн засгийг хөгжүүлэхэд
тулгарч байгаа тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байгааг мөн дурджээ.
Хятадад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл
улам нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийн хурд буурах хандлагатай байна. Ийм
нөхцөлд БНХАУ эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байна”
гэжээ.

Өргөн хэрэглээний барааны эрэлт хэрэгцээг хангах нь Хятад
орны эдийн засгийг урт хугацаагаар тогтвортой, түргэн хөгжүүлэхийн
үндсэн суурь мөн. Энэ жилийн ажлын гол хэсэг ч мөн. Урагшлахын төлөө
тогтвортой хөгжих хэрэгтэй юм" гэж Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд
онцолсон байна.

Эдийн засгийн бүтцийн тулгамдсан асуудал,
шударга бус хуваарилалт, байгаа асуудал, авилга, нийгмийн хамгааллын
асуудалл голлон анхаарахаа мөн илэрхийлжээ. Ерөнхий сайд Вэнь Зябао
"Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэх нь Хятадын ирээдүйн хувь
заяаг шийдсэн зөв сонголт мөн. Иймээс шинжлэх ухаанч хөгжлийн үзэл
баримтлалын шаардлагыг мөрдөж, ард иргэдийн шинийг бүтээх үзэл санааг
хүндэтгэж, зоригтой шинжлэн судалж, эдийн засаг,улс төрийн тогтолцооны
өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжилд тулгарч байгаа хүндрэлүүдийг даван
туулах хэрэгтэй" гэдгийг онцолсон байна.

БНХАУ-ын Засгийн газар
энэ онд хэд хэдэн гол зорилт дэвшүүлжээ. Тус улс санхүү, татвар, банк
санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхээр болжээ. “Олон
хэвшлийн өмчийн эдийн засгийг зэрэг хөгжүүлнэ. Үнэ ханшны өөрчлөлт
хийнэ. Орлогын хуваарилалтын тогтолцоонд өөрчлөлт оруулна. Засгийн
газрын бүтцийн өөрчлөлтийг түргэтгэнэ”  гэсэн байна.

Шинэ
нөхцөлд зохицуулж гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны сэтгэхүйгээ
шинэчилж, гадагш хандсан эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчилж,
нээлттэй эдийн засгийн төвшинг дээшлүүлж, нээлттэй эдийн засгийн шинэ
хэлбэрийг бий болгоно гэжээ.

БНХАУ гадаад худалдааны тогтвортой
хөгжлийг хэвээр хадгалах ёстой гэсэн байна. Гадаад худалдааны бодлогыг
тогтвортой байлгаж, гадаад хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж,
гадаадын хөрөнгийг боловсруулах аж үйлдвэр, шинэ өндөр  аж үйлдвэр,
эрчим хүч хэмнэсэн экологид ээлтэй аж үйлдвэр, орчин үеийн үйлчилгээ,
Хятадын баруун бүс нутгийг хөгжүүлэхэд татан оруулах хэрэгтэйг онцолжээ.
Гадаад орнуудтай хамтран ажиллах стратеги хэрэгжүүлэх, олон хэвшлийн
өмчийн аж ахуйн нэгжүүдээс гадаадад эрчим хүч, түүхий эд, хөдөө аж ахуй,
боловсруулах үйлвэр, үйлчилгээ, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө
оруулахыг дэмжихээр болсон байна.  Иргэдийн зүгээс гадаадад хөрөнгө
оруулахад тавьсан  хязгаарлалтыг зөөлрүүлж, Хятадын талаас гадаад
орнуудад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн ажилтан ажилчид, хөрөнгийн
аюулгүй байдлыг хамгаалахаар болжээ. “Дэлхийн эдийн засаг, бүс нутгийн
хамтын ажиллагаанд оролцоно. Хөгжингүй орнуудтай эдийн засаг, худалдааны
харилцаагаа тогтвортой хөгжүүлж, хөгжиж буй орнуудтай харилцан ашигтай
хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлнэ” гэж илтгэлд дурджээ.

Эрүүгийн хуулиар хүний эрхийг хамгаална

Энэ
удаагийн чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг  хэлэлцэх гэж байна. Эрүүгийн хууль нь хүний эрхийг хамгаалж
байгаа үндсэн хууль болохын хувьд уг хуульд өөрчлөлт оруулж байгаад
Хятадын иргэд ихээхэн анхаарал хандуулж, гэмт этгээдийг шийтгэхийн
зэрэгцээ иргэний эрхийг улам хүндэтгэн хамгаалахыг хүсэн хүлээж буй
ажээ.
“Хүний эрхийг хүндэтгэн баталгаажуулах нь Хятад улсын Үндсэн
хуульд тогтоосон чухал зарчим юм. Эрүүгийн хуульд Үндсэн хуулийн энэхүү
зарчмыг бүрэн тусгасан байна. Энэ удаа Эрүүгийн хуульд өөрчлөлт
оруулахдаа гэмт хэрэгтнийг шийтгэх, хүний эрхийг баталгаажуулахын
хоорондын харилцааг зохицуулахаар тусгажээ. Ингэснээр гэмт хэрэгтнийг
хуулийн дагуу шийтгэх, гэмт хэрэг үйлдээгүй хүн хилсдэх, гэмтэн хуулийн
хариуцлага хүлээхээс зайлсхийх, хүний эрхийг хүндэтгэн хамгаалж,
иргэдийн гомдол мэдүүлэх эрх болон бусад хууль ёсны эрх ашгийг
хамгаалахад Эрүүгийн хууль чиглэх юм гэжээ.


Батлан хамгаалахын зардлаа өсгөнө

Энэ
удаа Хятадын батлан хамгаалахын зардалд нэлээд анхаарал хандуулж байна.
Хятад улс энх тайван хөгжлийн замыг хэлбэрэлтгүй баримталсан батлан
хамгаалах бодлого хэрэгжүүлж байгааг онцолсон байна. Хятадын батлан
хамгаалахын зардлын төсөв 2012 онд 670 тэрбум 274 сая юаньд хүрсэн нь
өнгөрсөн оныхоос 11,2 хувиар өссөн үзүүлэлт ажээ. 

"Хятадын
батлан хамгаалахын зардал 2011 онд ДНБ-ний 1,28 хувийг эзэлж байсан бол
Америк, Англи зэрэг орнуудынх хоёр хувиас давсан.  Хятадын цэрэг, дайны
хязгаарлагдмал хүчин чадал нь үндэснийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн
бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө байх бөгөөд гадаад аливаа улс
оронд заналхийлэхгүй. Хятад улсын батлан хамгаалах хүчин чадал болон
дипломат харилцаа нь зөвхөн энх тайвныг хамгаалах зорилготой. Бид
дэлхийн энх тайвны төлөө, энх тайвныг эрхэмлэдэг бусад улс орнууд болон
ард түмэнтэй хамт байх болно” гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэгтэй
хамтран дэлхийн банк санхүүгийн хямралын нөлөөг зохицуулахад Хятад улс
бэлэн гэдгээ мөн нотолсон байна.  БХАТИХ үргэлжилж байна.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж