Сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлийг урагшлуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлийг урагшлуулна

Ерөнхийлөгчөөс аливаа хуульд хориг тавихад УИХ-ын зүгээс эсэр­гүү­цэл­тэй тулгардаг бол энэ удаад харин ч дэмжлэг хүлээв. Өөрөөр хэлбэл энэ хориг баталж гаргасан хуульд нь ашигтайгаар тусч буй ховор тохиолдлын нэг байв.

УИХ-ын Төрийн байгуулалтын болоод Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонирхлын зөрчлийн хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд аль аль байнгын хороод хүлээн авахаар боллоо.

Эхэнд хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч гишүүдээс хуулийг хэрэг­жүү­лэх  журмуудыг нэлээд нягтлан боловсруулж, УИХ энэ талаар шуур­хайлан ажиллаж чадвал хууль хүчин төгөлдөр болох хугацааг урагшлуулах боломжтой талаар санал гарч байв.

Дээрх хуулийг 2012 оны нэгдүгээр сард УИХ батлан гаргасан боловч Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хэрэг­жилтийн хугацааг урагшлуулах шаард­лагатай хэмээн уг хуулийн үйлчлэлтэй хол­боо­той хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан юм.

Тодруулбал Ерөнхийлөгчийн зүгээс 2012 оны долдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих ёстой байсан Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрч­лөөс урьдчилан сэргийлэх тухай энэхүү хуулийг 2012 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн үйлчлэх ёстой гэж үзсэн байв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга байнгын хорооны хуралд оролцон энэ талаар тайлбар хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөн­хийлөгчийг хуульд хэсэгчлэн хориг тавьснаа өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд  УИХ-д мэдэгдсэнийг хэлж байлаа.

УИХ-ын бусад гишүүд Ерөнхий­лөгчийн хоригийг үр дүнтэй болгох талаар санал бодлоо түлхүү хэлж байсан ба ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирх­лыг зохицуулах, сонирхлын зөрч­лөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхий­лөг­чийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзээд санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруу­лахаар болсон юм.

Дараагаар нь хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даанд мөн л хоригийг танилцуулж, гишүүд саналаа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг хэлэлцэх үеэр “тавдугаар сарын 1 гэсэн санал яригдаж байсан боловч долдугаар сар болгон хойшлуулдаг нь түүнийг хэрэгжүүлэх, сурталчлах бэлтгэл ажлыг хангах зорил­готой байсан” хэмээн хууль хэрэгжих бэлтгэл ажлын явц хэр байгааг асуусан юм. Энэ асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамрын газрын дарга Д.Баттулга “Хоёрдугаар сарын 17-нд  Ерөнхийлөгч АТГ болон хууль хяналтын байгууллагынхантай уулзаж энэ асуудлаар ярилцахдаа хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах боломжтой эсэхийг лавлахад боломжтой гэсэн хариу өгсөн” гэв.

Х.Тэмүүжин гишүүн хугацааг наашлуулах шаардлагыг дэмжиж буйгаа мөн илэрхийлэн “долдугаар сарын 15 гэсэн хугацааг нааш нь татахгүй бол уг хууль өнөөгийн УИХ-ын  бүрэн эрхийн хугацааг өнгөрөөж байж хэрэгжиж эхлэх нь, ингэснээр ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо, халаа сэлгээ олон гарах боломж бүрдэх нь гэх шүүмжлэл олон нийтийн зүгээс удаа дараа гарч байгаа тул  хууль хэрэгжүүлэх  журмуудаа сайтар боловсруулан гаргаж, УИХ энэ чиглэлээр ажлаа шуурхайлбал хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг наашлуулах бүрэн боломжтой. Орон нутгийн захиргааны хуулийн хэлтсүүдээс ч энэ асуудлаар сургалт авах хүсэлт Хуульзүйн яаманд ирж байгаа тул энэ хоёрдугаар сардаа багтаан төрийн албан хаагчдад сургалт явуулан, нэр дэвшигчдээс бусад төрийн албан хаагчдаас сонирхлын зөрчлийн мэдүүлгийн маягт хэзээ авахыг тогтох хэрэгтэй” гэв.

Ж.Сүхбаатар гишүүн мөн л дэмжиж үг хэлэв. Тэрээр “төрийн ал­бан хаагчид сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргаж өгөх цаг нь болсон. Энэ мэдүүлгийг гаргуулах маягтандаа зоригтойхон заалтууд оруулж өгвөл Ерөн­хийлөгчийн хориг үр дүнтэй болох тул маягт боловсруулах ажилд Байнгын хо­роо анхааран ажиллах ёстой” гэж байв.    

Ингээд хуралдаанд оролцсон 11 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавь­сан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг мөн л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж