Ж.Энхбаярын авсан сургамж

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаярын авсан сургамж

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр зэвсэгт хүчний зарим анги, нэгтгэлийг мэргэн буучдаар бэлтгэж, долдугаар сарын 1-нийх шиг нөхцөл байдал үүссэн үед ашиглах тухай ярьснаас үндэслэн түүнийг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд УИХ-д тавьсан юм. Энэ асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар түүнийг огцруулахгүй гэж шийдвэрлэлээ.

МАН олонх байгаагийн хувьд түүнийг огцруулахгүй гэдэг байр суурийг эцсийн шийдвэр болгож дөнгөх нь ойлгомжтой байсан ч эл асуудлыг УИХ-аар хэлэлцсэнээрээ олон асуудалд хариулт өгч чадлаа. Юуны өмнө Батлан хамгаалахын сайд мэргэн буучдыг бэлтгэн иргэдийн жагсаал, цуглааны үед ашиглаж болно гэж бодож явсан нь ардчилсан нийгмийн үнэт зүйлтэй төдийгүй наад зах нь хуультай харшилж буй гэдгийг энэ удаад ойлгов бололтой.

Түүнд том сануулгыг авчирсан тэрхүү мэдэгдэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжин орон даяар цацагдан нийтэд ил болсон юм. Иймд энэ нь түүний итгэл үнэмшил үү, эсвэл “төөрөгдөл” үү гэдгийг хариуцлагатайгаар хэлэлцэх нь УИХ-ын зайлшгүй үүрэг болоод байсан. Итгэл үнэмшил үү, эсвэл…? Зөвхөн энэ асуултад хариу авахын тулд түүнийг огцруулах асуудлыг хөндөхөд ч хангалттай үндэслэл болох байлаа.

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өөрийн хийсэн мэдэгдлээ чуулганы танхимд үгүйсгээгүй бөгөөд холбогдох хуулийн хүрээнд өөрт нь тийм эрх мэдэл байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Хэрэв асуудлыг УИХ-ын төвшинд огцруулах хэмжээнд гаргаж тавиагүй бол тэрбээр түүний “итгэл үнэмшил” биежих байсан ч байж мэднэ. Учир нь тэрбээр МАН олонхийнхоо эрх мэдлийн хүрээнд өөрийнхөө томилгоог хийж байхад АН хөндлөнгөөс оролцлоо гэсэн шүүмжлэлийг ч хэвлэлээр хийж байсан юм. Мөн нөгөө талаас улсын болон цэргийн нууцад хамаарах мэдээллийг хэвлэлийн бага хурлаар зарласан гэх асуудалд ч буруутгагдаад байгаа. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “мэргэн буучдыг бэлтгэх бодлогыг өмнөх сайд Л.Болд хэрэгжүүлж байсан” гэж мэдэгдсэн бөгөөд үүнийг нь Л.Болд чуулганы хуралдааны үеэр үгүйсгэсэн юм. Өөрийнхөө хийсэн мэдэгдлийн өмнөөс Ж.Энхбаяр энэ удаад Л.Болдоос уучлалт гуйлаа.

Ийнхүү өөрийнхөө хийсэн, хэлсэн мэдэгдэл, мэдээлэлд ороогдон огцрох эсэх дээрээ тулсан Ж.Энхбаярын хувьд томхон сургамж авсан гэхэд болно. Түүнийг МАН-ын бүлгийн тулхтай, туршлагатай гишүүд “Батлан хамгаалахын сайдад зэвсэгт хүчнийг иргэдийнхээ эсрэг ашиглах эрх хуулиар байхгүй. Иймд та бүхэн битгий санаа зов, одоо тайвшир” гэсэн утгатай өмгөөллөөр хаацайлан байж энэ удаад албан тушаал дээр нь авч үлдлээ.

Монгол Улсын Батлан хамгаалах салбарын бодлого, цэргийн номлол ямар чиг хандлагатай явааг баримжаалаа ч үгүй Ж.Энхбаяр аль сонсогч байх үедээ л сонссон хуучин үзэл баримтлалаар итгэл үнэмшлээ хийчихээд будилж явааг л үйл явдлууд илчиллээ. Нэг үгээр бол Ж.Энхбаярт тулх, туршлага, зангараг дутаж байгааг харуулав. Бүр нөгөө талаас харвал МАН-ын улс төрийн томилгоо нь намын доторх фракц, бүлэглэлүүдийн тохиролцоонд л үндэслэдгээс биш тухайн албан тушаалд тэнцэх, тэнцэхгүйг харгалздаггүй гэдгийг л илчиллээ. Үүнийх нь “золиосонд” Ж.Энхбаяр гэдэг залуу л хөгөө хөлдөө чирэх бололтой. Түүнийг асуудлыг Ардчлсан намын бүлэг “огцруулахгүй” гэдэг үгээр хаагаад өнгөрөхгүй л болов уу?!

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж